Уншиж байна ...

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 50 спортын баг — 2025

A.Жаргал
1 минутын өмнө
IKON.MN

Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг хамгийн үнэтэй спортын 50 багийг танилцуулж байна.

Forbes сэтгүүлээс 2025 оны дэлхийн хамгийн үнэтэй 50 спортын багийг танилцуулсан бөгөөд уг жагсаалтад Хойд Америкийн Үндэсний Америк Хөлбөмбөгийн Холбоо (NFL), Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA), Европын хөлбөмбөг, Формула 1 зэрэг томоохон лигүүдийн шилдэг багууд багтжээ. Спортын багуудын үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрч, нийт үнэлгээ 353 тэрбум ам.долларт хүрсэн нь салбарын санхүүгийн өсөлтийг тод харуулж байна. 

Зургаан жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй спортын баг 5 тэрбум ам.доллар-оор үнэлэгдэж байсан. Харин өнөөдөр ийм үнэлгээтэй баг топ 50-д ч багтахгүй болжээ.

График #1. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй спортын баг болон 50-р байрт буй багийн үнэлгээ сүүлийн 10 жилээр

зураг
 

Forbes-ийн жагсаалтаас харахад лигүүдийн хоорондын үнэлгээний зөрүү улам тодорчээ. NFL энэ жил ч давамгайллаа хадгалж, лигийн нийт 32 багийн 30 нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй 50 багийн тоонд багтсан байна. NFL-ийн багуудын дундаж үнэлгээ 2025 онд 25%-иар өссөн нь тогтвортой өндөр орлого, урт хугацааны их дүнтэй шууд дамжуулах эрхийн гэрээнүүдтэй холбоотой.

Сүүлийн гурван жилийн хугацаанд NBA-ийн багуудын дундаж үнэлгээ 87%-иар өссөн нь бусад лигүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь 2024 онд байгуулсан 76 тэрбум ам.долларын 11 жилийн шууд дамжуулалтын медиа эрхийн гэрээ, мөн ивээн тэтгэлэг, дээд зэрэглэлийн суудал, олон улсын зах зээлийн тэлэлт юм. Энэ жил NBA-ээс 12 баг топ 50-д багтжээ.

#График #2. Шилдэг 50 дотор лигүүдийн эзлэх хувь хэмжээ

зураг
 

Харин Европын хөлбөмбөг харьцангуй муу өсөлттэй байна. Хамгийн өндөр үнэлгээтэй 20 клубын нийт үнэлгээ ердөө 5%-иар өссөн бөгөөд топ 50-д дөрвөн л баг үлдсэн нь өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт юм. Медиа шууд дамжуулах эрхийн орлого зогсонги байдалд орсон, цалингийн зардал өссөн, клубуудын өрийн дарамт нэмэгдсэн нь үнэлгээний өсөлтийг хязгаарлаж байна.

АНУ-ын мэргэжлийн бейсболын дээд лигийн (MLB) хувьд өсөлт дунд түвшинд хадгалагдаж, сүүлийн гурван жилд багуудын дундаж үнэлгээ 25%-иар өссөн ч энэ жил ердөө хоёр баг топ 50-д багтжээ. Харин Хойд Америкийн мэргэжлийн шайбтай хоккейн лиг (NHL) болон Хойд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн (MLS) багуудын үнэлгээ өсөж байгаа ч дэлхийн топ 50-д ороход хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 50 спортын баг — 2025

 

Эх сурвалж: forbes.com