Уншиж байна ...

Богдхан уулын ДЦГ-т стандарт бус хашаатай байсан ААН-ийг ₮55 сая 400 мянгаар торгож, газар ашиглалтын талбайн хэмжээг хэсэгчлэн цуцалжээ

М.Батчимэг, ikon.mn
34 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар дараах мэдээллийг өглөө. 

  • НИТХ-ын 2025 оны 05 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтад ээлтэй хашаанд тавигдах ерөнхий шаардлага хотын стандарт батлагдаж 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдөгдөж эхэлсэн байна. 
  • БОАЖ-ын сайдын 2022 оны А525 дугаар даалгаврын дагуу зэрлэг амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнд саатал учруулж буй орц гарц гарах ажлыг зохион байгуулж 30 гаруй газар ашиглагчдын үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн цуцлах ажлыг зохион байгуулж байжээ. 
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2025 оны 01837 дугаартай албан тоотоор стандартын танилцуулах, хэрэгжүүлэх зөвлөмжийг нийт 600 гаруй газар ашиглагчдад хүргүүлж, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулсан байна. ХУД, БЗД-ийн Засаг дарга нарт хамтран ажиллах тухай албан бичгийг хуулийн хүрээнд хүргүүлжээ. 

2025 11-р сарын 10-нд гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт 27 байршилд 43 иргэн, ААН-ийн 10км 753м урттай стандарт бус хашааг буулгуулж стандартын шаардлагад нийцүүлсэн байна.

Гэсэн ч зарим ААН, иргэн хашааныхаа стандарт шаардлага биелүүлээгүйгээс болж 2026 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр ХУД-ийн 23-р хороо Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч "Эй Жи Жи Эс" компанийн стандарт бус хашаанд нэг халиун буга эндсэн тул дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. 

  • Зөрчлийн тухай хуулийн 7.14-р зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах 
  • 1.1 Хууль, захиргааны хэм хэмжээний стандарт, дэглэм горим зөрчсөн 
  • 1.2 Менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохиролд нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 3,000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 30,000 нэгжтэй хэмжээний мөнгөөр торгох зохицуулалт үйлчилдгийн дагуу  стандарт бус үйл ажиллагаа явуулсан, захиргаа хэм хэмжээ дэглэм горим зөрчсөн тул 30,000,000 төгрөгөөр торгох юм байна. 
  • Мөн Халиун бугын экологийн үнэ 12,700,000 төгрөг байдаг ба тусгай хамгаалалттай газар нутаг дээр энэ үнийг хоёр дахин нэмэгдүүлж торгууль оногдуулдаг буюу нийт 25,400,000 төгрөгийн торгуулийг ногдуулж байгаа юм байна.
  • Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд "Эй Жи Жи Эс" газар ашиглагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.2, Дархан цаазат газар нутгийн нийтлэг горимын 13.31д, Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 31.2, Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандарт, БОУАӨ-ийн сайдын 2025 оны А947 дугаартай албан даалгавар болон тус хамгаалалтын захиргааны 2025 оны долдугаар сард хүргүүлсэн 01837 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг тус тус биелүүлээгүй нь тогтоогдож байна. 

Иймд тус хуулийн этгээдийн газар ашиглалтын талбайн хэмжээг хэсэгчлэн цуцалж, талбайн хэмжээг 18,149мкв болгохтой холбогдуулан хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр А85 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах ажлыг үндэслэн БОУАӨ-ийн сайдын А139 дугаар тушаалаар газрын эрхийг өнөөдөр цуцалж байгаа юм байна. 

Мөн Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газрын стандарт бус хашаануудыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албадан буулгажээ. Хашаануудыг буулгахад 200 сая гаруй төгрөгийн зардал гарч байгаа аж. 

Цаашид газар ашиглагч иргэн, ААН нь дээр дурдсан албан бичгүүдийг зөрчсөн нь тогтоогдож энэхүү шаардлагуудыг биелүүлэхгүй байвал газар ашиглах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллана гэв.