Хятад улсын эрх баригчид цахилгаан автомашины хаалганд далд хийцтэй бариул суурилуулахыг хориглох шийдвэр гаргажээ.
Ийм загвартай бариулыг тэрбумтан Илон Маскийн Тесла компани бүтээгдэхүүнүүддээ өргөн хэрэглэдэг. Хятад улс ийм бариулыг аюулгүй байдлын үндэслэлээр хориглосон анхны улс болж байна.
Ийм бариултай цахилгаан автомашины осол хүний аминд хүрсэн хэд хэдэн тохиолдол гарч байв. Хятад улсын хувьд Xiaomi цахилгаан автомашинтай холбоотой хоёр ослыг мөрдөн шалгасны дараа ийм шийдвэр гаргажээ.
Осолдсон автомашины цахилгаан тасарснаас далд бариул ажиллахаа больж, хаалга онгойгоогүй гэж мөрдөгчид дүгнэж байгаа юм байна.
Шинэ журмын дагуу автомашины хаалга гадна болон дотор талдаа зөвхөн механик түгжээтэй тохиолдолд далд бариултай үйлдвэрлэхийг зөвшөөрчээ.
Уг журам 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэнэ.
Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан журмаар бол автомашины зорчигчийн бүх хаалга гадна талдаа бариул барих боломж олгохын тулд 6см х 2см х 2.5см-ээс багагүй хэмжээний хонхортой байх ёстой болжээ.
Хаалганы дотор талд яаж нээхийг үзүүлсэн 1см х 0.7см-ээс багагүй хэмжээтэй заавар байрлуулахаар болсон байна.
Нэгэнт үйлдвэрлэгдсэн, худалдаанд гарахад бэлэн болсон автомашинуудад хоёр жилийн дотор бариулаа солих үүрэг өгчээ.
Хятадын зах зээлд борлуулагдаж буй хамгийн өндөр эрэлттэй 100 цахилгаан автомашины 60 хувь нь далд бариултай гэсэн баримтыг тус улсын төв хэвлэл мэдээлсэн байна.
Теслагийн загваруудын далд бариулын аюул эрсдэлийг АНУ-ын зохицуулах байгууллага шалгаж эхэлсэн бол Европын Холбоо бас энэ талаар өөрийн журмыг шинэчлэх эсэхээ судалж байгаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар гэнэт ажиллахаа больсон, хүүхэд түгжигдсэн зэрэг нийт есөн гомдлын мөрөөр шалгаж байгаагаа мэдээлж байв.
Эдгээр нь бүгд Теслагийн 2021 оны Model Y загвартай холбоотой байжээ.
Дөрвөн тохиолдолд автомашины эзэд асуудлыг шийдэхийн тулд цонхоо хагалж байсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!