Уншиж байна ...

₮2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд ₮101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.

Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай гэсэн тооцоолол гарчээ.

Трамвай нь хоёр чиглэлд явах бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөжээ.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс мэдээлээд буй.

Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгслийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөг бууруулах ач холбогдолтойг мэдээлээд буй.

Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна.