Уншиж байна ...

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжинэ.

Тодруулбал нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байна. Энэхүү төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай юм.

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр хотын хойд бүс болох зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, мөн Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд нийтийн тээвэр болон хувийн авто машинаар зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна. 

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС