Уншиж байна ...

Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан технологийн хоёр хүчирхэг компанийг нэгтгэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

SpaceX компани xAI компанийг худалдаж авснаа Даваа гарагт зарлажээ. Ингэснээр тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан хамгийн их амбицтай хоёр компани нэгдэж, дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй хувийн компани болон бүрэлдэж байна.

“Энэ нь зөвхөн дараагийн хуудас биш, SpaceX болон xAI компаниудын эрхэм зорилгын дараагийн бүтэн номын эхлэл болж байна” гэж Маск мэдэгджээ.

SpaceX нь сансрын технологийн компани бол xAI нь хиймэл оюуны технологийн компани юм.

Хувийн компаниудын үнэлгээг хянадаг PitchBook компанийн мэдээлснээр SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 2025 оны арванхоёрдугаар сард явуулсан хувьцааны хоёрдогч борлуулалтаар $800 тэрбумд хүрсэн бол xAI нь нэгдүгээр сард явуулсан сүүлийн шатны санхүүжилтээр $230 тэрбумын үнэлгээнд хүрчээ.

“Хиймэл оюуны салбарын одоогийн дэвшил нь асар их хэмжээний цахилгаан эрчим хүч, хөргөлт шаарддаг дата төвүүдээс хамааралтай байдаг. Тиймээс энэхүү их нөөц шаарддаг зүйлсийг асар их эрчим хүч, орон зайтай байрлалд шилжүүлэх нь цорын ганц логик шийдэл юм” гэж Маск тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл xAI компанийн дата төвүүдийг SpaceX-ийн тусламжтай сансрын уудамд байрлуулах нь шинэ компанийн гол зорилго ажээ.

SpaceX компани Баасан гарагт АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэлхийн тойрог замд нэг сая хиймэл дагуулын цогцолбор байгуулах зөвшөөрөл хүссэн байна.

Үүнийхээ зорилгыг “хиймэл оюунаас үүдэлтэй өгөгдлийн эрэлт хэрэгцээний огцом өсөлтийг хангах” гэж тайлбарлажээ.

Маск “хиймэл оюун ухааны тооцооллыг бий болгох хамгийн хямд арга бол сансар огторгуй юм” гэж мэдэгдсэн байна.

Сансрын уудамд дата төвүүдийг хөргөхөд эрчим хүч шаардахгүй, тооцоололд шаардлагатай эрчим хүчийг нарнаас дэлхий дээр үйлдвэрлэснээс илүү өндөр үр дүнтэй үйлдвэрлэх боломжтой.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн онд CNBC сувгаар ярихдаа дараа үеийн хиймэл оюуны загварууд одоогийнхоос 100 дахин их эрчим хүч шаарддаг болохыг хэлж байв.

Голдмэн Сакс банкны судлаачдын тооцоолсноор хиймэл оюуны хөгжил 2030 он гэхэд дата төвүүдийн эрчим хүчний эрэлтийг 165 хувиар өсгөх гэнэ.

Технологийн аварга компаниуд энэхүү өндөр эрэлтийг хангахын тулд хиймэл оюуны технологитой холбоотой дэд бүтцүүдэд тэрбум тэрбумаар нь мөнгө цацаж байна.

Майкрософт өнгөрсөн оны сүүлийн улиралд дата төвүүдэд $37.5 тэрбумыг зарцуулсан бол Мета $22.14 тэрбумыг зарцуулжээ.

SpaceX, xAI компаниуд одоо л нэгдэж байгаа ч зарим үйл ажиллагаануудаа нэгтгээд удаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал зарим мэргэжилтнүүд аль аль компанид зэрэг ажиллаж эхэлсэн тухайгаа өмнө мэдээлж байжээ.

Гэхдээ хувийн хэвшлийн компаниуд гэдэг утгаараа тэдэнд хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байсан.

Арванхоёрдугаар сард Маск 2002 онд үүсгэн байгуулагдсан SpaceX компаниа олон нийтийн компани болгохоор төлөвлөж байгаагаа зарлаж байв.

Тухайн үед шинжээчид SpaceX-ийн IPO (initial public offering) үнэлгээг нь $1.5 их наядад хүргэх тооцоо гаргаж байв.

Гэхдээ энэ нь xAI-тай нийлэхээс өмнөх тооцоо юм. Нэгтгэсний дараа IPO хийвэл зах зээлийн үнэлгээ нь илүү өндөр болох ёстой.

Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ Блүүмбэргийн тооцоолсноор $676 тэрбум байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. SpaceX, xAI компаниудын нэгдлийг нээлттэй компани болговол энэ хэмжээ эрс нэмэгдэхээр байна.

 

Эх сурвалж: CNN