2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/01/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Оргил: Ээж маань яг ийм бохир нөхцөл байдлаас болж улс төрөөс гарсан

З.Хүрэл
2014 оны 1 сарын 22
Зууны мэдээ
ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил

ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой ярилцлаа. 

-Таныг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар ажлаасаа халагдсан гэсэн мэдээлэл тараад байна. Гэхдээ албан тасалгаандаа сууж байгааг тань харвал арай ч явчихаагүй бололтой?

-ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Газрын дарга халагддаг. Яг одоогоор ажлаас халах тушаал гараагүй. Гарах ч үндэслэл байхгүй. Ажил явдгаараа явж байна.

Гэхдээ би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. 2013 оны аравдугаар сарын 2-нд Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч тэнцсэн.

Би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна.

Ингээд ажиллаад явж байтал Төрийн албаны зөвлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар зохион байгуулалттайгаар шалгалтыг дахин явууллаа.
Тиймээс би өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байна.

ССАЖЯ-нд жил хагас ажиллалаа. Монголчууд идэж байсан тогоо руугаа нулимдаггүй гэдэг. Гэхдээ хууль бус, ёс бус зүйлтэй эвлэрмээргүй байна. Төрийн албыг төрлийн алба болгодог бүхэл бүтэн баг, механизм тэнд ажилладаг юм байна. Би гэдэг хүн энэ том асуудалтай ганцаараа үзэлцээд дийлэхгүй юм байна.

Газрын дарга бол салбараа мэддэг хүн байх ёстой. Гэтэл Газрын даргын ажлыг хүчээр унагаадаг, ингэхдээ мэргэжлийн бус хүмүүс ажилд оруулж ирж байна. Ийм асуудалтай цаашид эвлэрч ажиллаж чадахгүй. Би соёл урлагийн төлөө сайн юм хийе, чанартай бүтээл туурвия, шударга ажиллая гэж бодож яаманд ирсэн.

Би танил тал, арын хаалга гэдэг зүйлээс хол хүн. Намайг хэвлэл дээр авлига авч баяжаад байгаа юм шиг бичсэн. Надад авлига авах шаардлага байхгүй. Би өмнө нь өөрийгөө болон гэр бүлээ аваад явах санхүүгийн бүрэн чадвартай байсан. Биеэ засаад, гэрээ зас гэдэг. 

Би гэрээ зассан, биеэ зассан, хамгийн гол нь сэтгэл минь бүрэн тогтсон. 

Элдэв хээл хахуульд өртөхөөргүй болсон үедээ улс төрд орсон гэж үзэж байгаа. АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Миний хөрөнгийг тоолбол чамлахааргүй юм гарна. Албан тушаалаа өглөө гээд хувь хүний хувьд харамсаад байх юм алга. Жил гаруй амьсгаа өндөртэй л ажиллалаа.

Одоо үр хүүхэд, гэр бүл рүүгээ анхаарал хандуулах, хэнээс ч хараат бусаар бизнесээ хийгээд явах боломж бүрдлээ. Харин төрийн албан хаагч байсны хувьд санаачилж, хэрэгжүүлж байгаа олон бодлого цаашид үргэлжлэхгүй зогсох вий.

Засгийн газрын шилдэг ажил болсон, миний санаачилсан Сумын төвийг кинотеатржуулах төсөл зогсонги байдалд орох вий гэдэгт санаа зовж байна. Энэ ажлаас болж Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон түүний баруун гарын хүн, СБТГ-ын дарга П.Алтан-Од нартай анх зөрчилдөж эхэлсэн. П.Алтан-Од бол П.Алтангэрэлтэй Дорнодод цуг ажиллаж байсан, эрх ашгийн зөрчилтэй хүн.

Бид 20 суманд кинотеатраа байгуулаад маш амжилттай явуулж байсан. Тэгтэл тэд хоёр дахь удаагийн тендерийг мэргэжлийн бус хүмүүст өгсөн. П.Алтан-Од яамнаас зарлагдаж байгаа 40-50 тендерийн дийлэнхэд нь гар дүрж орж байсан. Одоо ч ордог. Ухаалаг төрийн тухай ярьж байна. Ийм үед иймэрхүү асуудлыг жижиг гэж хэлж болохгүй байх. Энэ хүмүүсийн талаарх баримтыг хэвлэлийн бага хурал зарлаж тараана, АТГ-т өгч шалгуулна.

-ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өөрийн чинь албан тушаал дээр шалгаруулалт зарласан гэсэн мэдээлэл өгсөн байсан. Энэ талаар?

-Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн явуулга. Яаманд дарга болохыг мөрөөддөг, дарга, эрх мэдэлтний юуг ч хамаагүй долооход бэлэн хүн байна. 2013 оны аравдугаар сарын 2-нд би Төрийн албаны зөвлөлийн шалгалтад ороод тэнцсэн. Хангалттай өндөр оноо авсан учраас 10 оноотой нэг бичгийн шалгалтыг нь өнжсөн. 

Энэ тухайгаа ССАЖЯ-ны ТЗУГ-ын дарга болон ТАЗ-ийн салбар зөвлөлийн дарга Н.Энхтүвшинтэй зөвшилцсөн. Тэр өдөр “Улаанбаатар” кино наадмын нээлт давхацсан учир энэ шалгалтыг өгөхгүйгээр оноо маань хангалттай хүрэх юм байна гээд тэр шалгалтыг өгөөгүй.

Гэтэл Төрийн албаны зөвлөлд зориуд дахин хандаж, шалгалтыг дахин явуулах шийдвэр гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Аравдугаар сарын 2-ны шалгалтад уг өдөр гаргасан тушаал нөлөөлөхгүй.

-Ажлаас нь халлаа гэсэн мэдээлэлтэй цуг мөнгө идсэн уусан гэдэг асуудлыг гаргаж тавьсан. “Улаанбаатар” кино наадам зэргийг барим тавим дурдсан байна л даа?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард яг ийм агуулгатай гүтгэлгийн мэдээлэл анх тарсан юм. Ажил ихтэй болохоор тэр бүрт хариу өгөөд явах шаардлагагүй гээд үл тоогоод өнгөрсөн. Аравдугаар сард нь “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эх орондоо хийсэн. 

Дэлхийн шилдэг, шинэхэн хийгдсэн арав орчим уран бүтээлийг уран бүтээлчидтэй нь авчирсан. “Тэнгис” кинотеатр долоо хоногийн турш нэг ч сул суудалгүй байсан. Наадмыг Монголын шилдэг киногоор нээх ёстой байсан. 

Есдүгээр сард нь бид чадалтай, чансаатай монгол киноны сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтад хоёрхон кино ирсэн. Ч.Хоролдорж найруулагчийн “Шарга даага”, нөгөө нь Монголын нэгэн хувийн студийн захирал, Монголын том PR-чин юм гэнэ лээ, тэр хүний кино ирсэн. Манай олон улсын бүрэлдэхүүнтэй кино комисс “Шарга даага”-ыг дуу нэгтэй сонгосон. Үнэхээр сайн бүтээл байсан.

Гэтэл нөгөө студийн захирал маань хэвлэлээр хар PR хийж эхэлсэн. PR-ыг хүн буудах зэвсгээ болгон ашиглаж эхэлсэн. Мөнгө төгрөг идсэн уусан л гэнэ, кино наадмын төсвөөс хумсалсан л гэнэ. Есдүгээр сард кино наадмаас 250 саяыг идсэн гээд байсан, сая мэдээлэхдээ 450 сая болсон байна лээ. Сүүний үнэ нэмэгдчихээр гүтгэлгийн тоо ч нэмэгддэг юм байлгүй дээ /инээв.сурв./ 

Миний хийж байгаа ажил олон хүний дургүйцлийг төрүүлсэн байх. Яагаад гэвэл 20 жил бугшсан асуудалтай үзэлцсэн

Бид кино наадмаа 250 сая төгрөгөөр хийе гэсэн ч чадалгүй, танаж танаж 150 саяд багтааж хийсэн. Гэхдээ чанартай хийсэн. Би энэ яаманд соёл урлагийн үнэлэмжийг дээшлүүлнэ гэж бодож ирсэн. Урлагийн байгууллагын менежмент дээр түлхүү ажиллана гэж бодож байсан. Соёл урлагийн зах зээлийг бий болгох, үүнээс улбаалж чанартай бүтээл гаргахыг зорьсон.

Миний хийж байгаа ажил олон хүний дургүйцлийг төрүүлсэн байх. Яагаад гэвэл 20 жил бугшсан асуудалтай үзэлцсэн. Би авьяастай гэсэн хүмүүстэй нь шууд харьцаад, бодлогоо хэрэгжүүлээд явсан. Надад айж ичих, нээнтэгт орохоор ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү дээ. Учир нь зарим урлагийн байгууллага улсаас хангалттай санхүүжилт авчихаад чанарын шаардлага хангахгүй уран бүтээл хийж байна. Үүнийг менежментээр өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Ер нь авьяастай хүмүүс чинь даруухан, чимээгүй байдаг юм байна. Тэднийг гаргаж ирээд, дэлхийд цахиур хагалаад ирсэн чинь ажил хийхээсээ илүү өөрийгөө мундаг гэж ам нь ажилладаг хүмүүс их дургүйцдэг юм байна. Дээр нь төрийн албыг төрлийн алба болгох сонирхолтой хүмүүс байна. Энэ бүгд нийлэхээрээ ажил хийхэд тун хүнд болгодог юм байна. 

-Ингэж элдвээр хэлүүлж суухаар бизнесээ хийгээд явж байдаг байж гэж бодох үе төрж байв уу?

-Үгүй. Би ямар нэгэн юмнаас ухрах дургүй хүн. Би хийхгүй бол хэн хийх юм бэ, одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ гэж бодож байсан.Улсаа хөгжүүлмээр санагдсан. Би хожим үр хүүхдэдээ хэлэх үгтэй баймаар байна шүү дээ. 

Гэхдээ нэг жилийн дотор чамлахааргүй ажил хийлээ гэж бодож байна. Монгол кино олон улсын наадмаас шагнал хүртлээ. ЮНЕСКО-д соёлын өвүүдээ бүртгүүллээ. Киноны хуультай болох бэлтгэлийг хангалаа. Номын сангийн үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах бодлого боловсруулсан. 

Зарим хүмүүс яамны газрын дарга халгиж цалгисан төсөвтэй гэж ойлгодог шиг байна. Яамны газрын дарга бол нэг ч төгрөг захиран зарцуулах эрх мэдэлгүй албан тушаал. Би салбарын мэргэжлийн хүн. Америкт сургууль төгслөө.

Хүн хэл устай, гадаад харилцаа сайн байж гэмээнэ, жишээ нь ЮНЕСКО-той хэл амаа ололцоно шүү дээ. Ингэж ч явсан. Кино үйлдвэрийн талаар ярья гэвэл АНУ-ын киноны мундагчуудтай ярилцаад, дал мөрийг нь алгадаад явбал ажил чинь илүү сайн бүтнэ биз дээ.

Оросуудтай би чөлөөтэй харьцаад явчихна. Би цагтаа герман хэлийг зурагтаар зааж байсан. Боловсролынхоо талаар болон юу хийж байгаагаа би ярих дургүй.

Одоо ярихгүй бол муу явуулах сонирхолтой хүн их байдаг юм байна.Салбарын мэргэжлийн, бас боломжийн боловсрол эзэмшсэн хүний хувьд шударгаар ажиллая, бодлогын төвшинд ганц хоёр ч болтугай зөв зүйл хийхсэн гэж хичээж ажилласан. 

ССАЖЯ-ны Соёл Урлагийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Н.Оргил

-“Шарга даага” уран сайхны киног Олон улсын кино наадамд сойсон нь зөв байжээ. Үнэхээр шарга азарга шиг хурдаллаа гэж ярих хүн олон байгаа байх? 

-Тэгэлгүй яахав. Олон улсад амжилт үзүүлэх магадлалтай киног л олж бодлогоор дэмжихгүй бол бүх уран бүтээлийг дэмжих боломжгүй. Хамгийн үр дүнтэй, хамгийн хол давхих, айрагдах байтугай магнайдаа тоосгүй хурдлах төслийг дэмжих ёстой. “

Шарга даага”-ыг хийдэг Ч.Хоролдорж өмнө нь Каннын кино наадамд богино хэмжээний киногоор амжилттай оролцож байсан. Энэ киноноос гадна Бямбаагийн “Алсын удирдлага”-ыг бид бодлогоор дэмжсэн. Энэ хоёр кино маань Олон улсын кино наадамд цойлж давхисан.

Бусаны кино наадмыг 210 мянган үзэгч тасалбар авч үзсэн. Энэ 210 мянган хүн шилдгийг шалгаруулдаг юм. Тэгэхэд яамны бодлогоор дэмжсэн кинонууд шалгарч чадсан. Жүдогоор бол Азийн аварга болсон гэсэн үг. Энэ кинонуудын тухай олон улсын хэвлэл, тэр ч бүү хэл Холливудын кино шүүмжлэлийн сэтгүүлд “Монгол киноны шинэ давалгаа эхэллээ” гэж хүртэл бичсэн. 

-Яагаад өмнө нь монгол кино олон улсын тавцанд амжилт гаргадаггүй байсан юм бэ?

-Киноны бодлого гэж байдаггүй л байсан байхгүй юу. Соёлын газар гэж яамны жижигхэн хэсэг байсан бол одоо бүхэл бүтэн яамтай боллоо. Өмнө нь уран бүтээлчид бор зүрхээрээ ажилладаг байсан бол одоо бодлогын хүрээнд ажиллах боломжтой болж байна. 

-Солонгосын олон ангит киног хязгаарлах ёстой гэсэн байр суурь их байна. Үүнийг бодлогоор хэрхэн зохицуулах ёстой юм бэ? 

-Киноны талаар яагаад түлхүү асуугаад байгааг чинь ойлгож байна. Яагаад гэвэл кино бол бүх урлагийг өөртөө агуулсан байдгаараа хамгийн хүчтэй. Яагаад БНСУ киногоо үнэгүй өгч гаргуулаад байгаа юм бэ? Энэ бол тэр улсын бодлого. 

Киногоор дамжуулж энэ улс бодлогоо хийж байна. Одоо солонгос хоолны гуанзгүй сумын төв ч гэж байхгүй болсон байна. Солонгос улс киноныхоо араас кимчи, хоол, караоке, гоо сайхан, солонгос бараа гээд бизнесүүдээ оруулаад ирлээ шүү дээ. Энэ чинь үндэсний аюулгүй байдалд шууд хамаатай асуудал. Яаманд ажил аваад хийх гэж зорьсон бодлогын нэг нь энэ. Энэ талаар цогц арга хэмжээ авъя гэж зорьсон. 

Нэгд, киноны тухай хуультай больё. Энэ долоо хоногт ажлын хэсэг хуралдах ёстой байсан. Энэ хуулиар гадаадын кинонд тодорхой хувь зааж хязгаарлана. Солонгосын олон ангит кинонд хязгаар тавина гэсэн үг. Монгол кино ихээр хийх шаардлага гарна. Ингэснээр монгол кино маань хөгжинө.

Хоёрт, тэр олон киног хийх үйлдвэр хэрэгтэй болноо доо. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар Олон улсын стандартын дагуу кино үйлдвэртэй болох манай яамны, тэр дундаа манай газрын гаргасан саналыг дэмжсэн. Эдийн засгийн хөгжлийн яаманд материалаа өгсөн байгаа. Газрын асуудал шийдэгдвэл зургийн ажил эхэлнэ. Ажиллах баг бэлэн байгаа. Харамсалтай нь энэ ажил маань цаашид яах бол доо.

Гуравт, олон кино хийгээд байдаг, үзүүлэх газар байхгүй бол яах вэ. Иймд сумын Соёлын төвүүдийг мини кинотеатр болгох төслийг эхний ээлжинд 20 суманд амжилттай хийсэн. Увсын Ховд, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Хөвсгөлийн Хатгал зэрэг 20 сум орчин үеийн чанарын шаардлага хангасан кинотеатртай болсон. 

Хүмүүс маш сайхан хүлээн авч байгаа. Аймгийн төв байтугай сумын төв рүүгээ ч тоотой ордог хөдөөгийн иргэд дижитал кинотеатрт кино үзчихээд “Амьдралдаа үзээгүйгээ үзлээ” гээд гайхах нь гайхаад, уйлах нь уйлаад гарч ирж байсан. Сансрын сувгийн мөнгийг нь төлбөл нэг товч дарахад л бүх сумдын кинотеатрт нэгэн зэрэг кино гаргах боломж бүрдлээ.
Санхүү нь байвал бүх сумыг нэг жилийн дотор кинотеатртай болгох боломжтой. Кинотеатрын энэ төсөл яамны шилдэг ажил болсон. 2013 оны Засгийн газрын шилдэг ажил болсон. Энэ гурван ажлыг хийхэд Монголын кино урлаг сэвхийтэл босоод ирнэ. Тэр цагт бид киногоор дамжуулан бодлогоо хийх болно.

-Одоо киноноос өөр зүйл асууя. Залуучуудад номын сан хүрэлцэхгүй байгаа талаар ярьж байна. Өнгөрсөн зун талбай дээр хүртэл суулт зохион байгуулж байсан даа? 

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч манай яамтай хамтран номын баярыг хоёр дахь жилдээ хийсэн. Номын баяраас гадна явуулын номын сан ажиллуулж байна. Фургон машин гаргаж, бүх дүүрэг, алслагдсан цэгүүдэд явуулын номын сан ажиллуулсан. 

Нийслэлийн шинэ номын сангийн асуудал шийдэгдсэн. Зураг төсөл нь гарсан, АНУ-ын ЭСЯ-ны хажууд баригдана. Улаанбаатар хотын номын сангийн хүрэлцээг хангаж ажиллаж чадахаар том, саруулхан номын сантай болно. 

-Батаарын талаар хангалттай ярьсан учраас энэ талаар асуухыг төвдөхгүй байна. Харин ЮНЕСКО-д уламжлалт соёлоо бүртгүүлэх тал дээр хэд хэдэн ажил амжилттай хийлээ. Монголчуудын өв соёл, уламжлалыг дэлхийн өвд насан туршид бүртгүүлсэн нь монгол хүн бүрийг баярлуулсан үйл явдал болсон гэж хувьдаа дүгнэж байна? 

-Ингэж дүгнэж байгаад баяртай байна. Тэр чиглэлээр асар их ажил хийсэн. Өмнө нь манай улс яагаад бүртгүүлж чаддаггүй байсан бэ гэвэл шаардлагын дагуу бүрдүүлэх ёстой бичиг баримтыг зөв бүрдүүлж чаддаггүй байсан юм билээ.Бичгээр хандах нь хангалтгүй учир би сайдтай хамт Франц улс руу явж олон тооны лобби уулзалт хийсэн. 

Соёлын гурван өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж чадсан. Энэ бол рекорд. Ямар ч улс нэг жилийн дотор гурван өвөө бүртгүүлж байгаагүй. “Есөн эрдэнийн ганжуур”-ын асуудал бол орчихсон байсан. Яамнаас дээр нь нэмж, монгол гэр, монгол бичгийн каллиграфыг бүртгүүлсэн.

ЮНЕСКО-гийн Соёлын биет өвийн захирал гэх мэт олон хүнтэй бид уулзсан. Энэ жил бид Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлдэж байна. Ямар тактикаар материалаа бүрдүүлэх талаар ч чамгүй туршлагатай болсон.

-Ярилцлагын эхэнд урлаг соёлын менежментийг сайжруулахад анхаарсан гэж хэлсэн. Энэ их чухал асуудал байна л даа? 

-Урлагийн бүтээлийн чанар сайжрах хэрэгтэй. Манай уран бүтээлчид чанартай бүтээлүүд гаргадаг. Гэхдээ зарим бүтээлүүд нь үнэхээр хангалтгүй байна. Энэ бол менежменттэй шууд холбоотой. Хүн бүр шагшин магтаж, сэтгэлийн цэнгэл эдэлж байвал чанартай уран бүтээл болж гэж үзнэ. 

Гэтэл боловсон хүчин хангалтгүй, төсөв багатай учраас том бүтээл тавихад хүндрэл үүсдэг. Юуны өмнө хуулийг нь өөрчлөх хэрэгтэй. Чанартай уран бүтээл тавьсан театр байнгын үзэгчтэй байдаг. Чанартай, чанаргүйг нь үзэгчдийн тоогоор дүгнэнэ. Гэхдээ үзэгчдийн тоо шударга байх ёстой.

Манайхан арван жилийн хүүхдүүд суулгаад олон үзэгчтэй болгож харуулдаг тал бий. Шударга байх хэрэгтэй. Ер нь явж явж хамгийн шилдэг менежмент бол урлагийн байгууллагаа хувийн сайн менежементийн багт л өгөх хэрэгтэй. Сиднейн дуурийн театр улсын өмч ч, менежмент нь хувьд байдаг юм. Хэзээ нэгэн цагт энэ систем рүү орох байх. 

Урлагийн менежементийг Одончимэг, Бооёо гэх мэт хийж чадаж байгаа хүмүүст нь өгөх ёстой гэж би үзэж байгаа юм. “Х ТҮЦ” хамтлаг сонгодог жүжгийг ямар мундаг тавьдаг гэж бодно. Гэтэл манай театрынхан “Хошин шог бол урлаг биш” гээд яриад сууж байна. Тэгвэл яагаад хошин шогийн нэг тоглолтын заал хоёр сарын турш дүүрэн байгаа юм бэ? Энэ урлаг биш юм уу? Хэн нь сайн юм бэ? Улс уу, хошин шог уу? Улсын театрын захирал ийм юм яриад сууж байвал өөрөө хошин шог биш үү? Ухаалаг төр гэж ярьж байна. 

Увсын театр Бродвэйд тоглох жүжиг хийчихсэн байна гээд бод доо. Энэ бол хэтрүүлэг биш. Үүнийг хэн хийсэн юм бэ? Улсын найруулагч хийгээгүй шүү дээ. Гудамжинд явж байгаа, хувийн компанитай Энхбаяр гэдэг хүн хийсэн. Бид нар ийм хүнийг нь олоод, гэрээ хийсэн. Шуугиан тарихаар амжилт үзүүлнэ гэж харж байгаа.
Гэхдээ менежементээр хувьчлах гэхээр бүрмөсөн хувьчлаад авчихдаг монгол сайхан арга байна. Урлагийн байгууллагын газраас хумсалдгаа болих хэрэгтэй. Өмчид нь халдахаа болих хэрэгтэй. Драмын театрын эргэн тойрны газар, Богд хааны музейн газруудыг хувийн компаниуд булаагаад дууслаа шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Үүнийг л ярьсаар ирлээ. 

-Урлагийн байгууллагын санхүүжилтийн хуулийг өөрчилнө гэж ярилаа. Өрмийг нь хамаад, хусам ч үлдээдэггүй талаар мөн ч олон жил ярьж байна даа?

-Энэ асуудлыг хүмүүст маш сайн ойлгуулах хэрэгтэй байгаа юм. 400 мянган төгрөгийн цалин аваад бүжиглэж байгаа бүжгэн жүжигчний байдлыг бид эхлээд ойлгох хэрэгтэй гэсэн үг. Манай урлагийн байгууллагын ажилчдыг төрийн албаны зэрэглэлд эмч, багш нараас доогуур оруулсан байдаг. 

Энэ зэрэглэлээр асар бага цалин авдаг. Тиймээс бид нар хуулийг нь өөрчилнө. Үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй. Манай Дуурийн театрын ажилчдын дийлэнх нь түрээсийн байранд, эсвэл гэр хороололд амьдарч байна. Байр авья гэхэд цалин нь шалгуурт хүрдэггүй. Ямар ч барилгын компани ийм бага цалинтай хүмүүст зээлээр байр өгөхгүй шүү дээ. Ийм байж яаж чанартай соёл урлаг ярих юм бэ.

Улс хамаг орлогыг нь хурааж авдгаа больё л доо. Тодорхой хувийг нь урамшуулал, шагналд нь үлдээдэг больё. Сайн ажиллаж байгаад нь сайн цалин, муу ажиллаж байгаад нь муу цалин өгье.

Ээж Р.Нарангэрэлийн хамт

-Өөрийг тань манай сонины уншигчид гадаадад мэргэжил эзэмшсэн гэдгээс гадна, бас ээжээр тань мэдэх байх. Ээж тань одоо юу хийж байгаа вэ? 

-Ээжийг минь Р.Нарангэрэл гэдгийг хүмүүс мэдэх байх. 1989 онд Ардчилсан хувьсгалыг хийлцсэн эмэгтэй удирдагчдын нэг. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан. Миний ээж Монгол Улсын Иргэний боловсролын хуулийг санаачилж байсан. 

Одоо ч энэ чиглэлээрээ ажилладаг хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний боловсролын орон тооны бус зөвлөх хийдэг. Боловсролын яаман дээр хэд хэдэн сурах бичиг дээр ажиллаж байна. Би ээжээрээ бахархдаг. Шударга шулуун зантайгаараа алдартай хүн. 

Би ээжээрээ бахархдаг. Шударга шулуун зантайгаараа алдартай хүн

УИХ-ын гишүүнээс буусныхаа дараа улс төрөөс гарсан. Яагаад гэвэл яг өнөөдөр миний тулгарч байгаа шиг бохир нөхцөл байдалтай нүүр тулсан. Миний ээж гүтгэлэгтэй хэзээ ч эвлэрч байгаагүй. Тиймээс би ч бодитой ажил хийхийг л хүсэж яаманд ирсэн. 

Бодитой юм хийдэггүй, ууж идэхдээ уургын морь шиг хүмүүс оролдоод ажил хийлгэдэггүй юм байна. Би ч гэсэн тэдэн шиг хэвлэлээр янз бүрээр бичүүлээд явбал чадах л байх. 

Тендерт оролцоод юм хум авах гээд үзвэл болох л байх. Гэхдээ надад тийм хүмүүжил ч байхгүй, сонирхол ч байхгүй. Тэгж үр хүүхдийнхээ ирээдүйд тортог үүсгээд яахав дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

x