ХасБанк ХК-ийн 2025 оны татварын дараах цэвэр ашиг 172.6 тэрбум төгрөгт (өмнөх оноос +0.5%) хүрч, өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 21.8%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 164 төгрөгт хүрлээ.
2025 оны IV улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- 2025 оны IV улиралд нийт зээлийн багц 4,183 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 1.0 хувиар, оны эхнээс 13.1 хувиар өслөө.
- Иргэдийн банкны зээлийн багц оны эхнээс 4.8 хувиар өсөж 2,710 тэрбум төгрөгт хүрэхэд хэрэглээний болон бичил, жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт нөлөөлжээ.
- ХасЛизингийн санхүүгийн түрээс болон зээлийн багц 659 тэрбум төгрөгт хүрч, оны эхнээс 41.1 хувь, өмнөх улирлаас 3.6 хувиар өслөө. IV улиралд шинэ автомашины зээлийн үлдэгдэл 7.4 хувиар, оны эхнээс 43.9 хувиар өссөн бол дугаартай автомашины зээлийн үлдэгдэл өмнөх улирлаас 2.7 хувиар буурч, оны эхнээс 50.6 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд ХасMortgage үйлчилгээг өргөжүүлсний үр дүнд ХасЛизингийн багц дахь орон сууцны зээлийн үлдэгдэл өмнөх улирлаас 49.1 хувиар, оны эхнээс 81.2 хувиар өссөн байна.
- Байгууллагын банкны зээлийн багц өмнөх улирлаас 13.9 хувиар, оны эхнээс 26.6 хувиар өсөж 815 тэрбумд төгрөгт хүрлээ.
- Чанаргүй зээлийн харьцаа 2.5 хувь байгаа нь банкны салбарын тэргүүлэх үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд ХасБанк Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.1% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 37.6% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу ХасБанк бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 37.6% болох 2,257.5 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон түргэн борлогдох активт байршуулан удирдаж байна.
2025 оны IV улиралд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
- ХасБанк Нидерландын Хөгжлийн Банкнаас 150 сая ам.долларын санхүүжилт авах синдикат зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь бүхэлдээ бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах бөгөөд залуу болон эмэгтэй бизнес эрхлэгчид, мөн хөдөө аж ахуйн салбарын бизнесүүдэд түлхүү чиглэх бол үлдсэн хэсэг нь байгаль орчинд ээлтэй, ногоон бизнес, мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдах юм.
- Global Finance сэтгүүлээс ХасБанкийг МУ-ын шилдэг банкаар шалгаруулж, шагналыг 10-р сарын 18-нд Вашингтон хотод гардууллаа.
- ХасБанк 2025 оны “Онцлох ТоС Банк”-аар дахин шалгарлаа. Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага болон Уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, өөрийн зээл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой хүлэмжийн хийн (CO₂) ялгарлыг тооцоолж, олон улсын PCAF (Partnership for Carbon Accounting Financials) санаачилгад тайлангаа амжилттай нийтлэн, “Тайлагнасан” гэсэн статусыг авсан нь
2025 оны онцлох үйл явдал байлаа.
- Олон улсын үнэлгээний Moody’s Ratings агентлаг ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 (тогтвортой) болгон нэг шат ахиуллаа.
ХасБанкны 2025 оны IV улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлан, Санхүүгийн байдлын болон Орлого, үр дүнгийн тайлангуудтай доорх холбоосуудаар танилцана уу.
Санхүү, үйл ажиллагааны тайлан
Санхүүгийн байдлын тайлан
Орлого үр дүнгийн тайлан
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!