Цахим спортын Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдгүүдийг шалгаруулах HLTV Awards-2025 ёслолын арга хэмжээ өнгөрсөн шөнө (2026.01.10) Сербийн Белград хотноо зохион байгуулагдлаа.
Тус наадмын үндсэн зургаан төрлийг Counter Strike-2 тоглоомын мэргэжлийн тамирчид, шинжээчдээс бүрдсэн зөвлөлийн саналаар тодруулдаг. Тэгвэл шилдэг дасгалжуулагчийн төрөлд "The MongolZ" багийн "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай, шилдэг багийн ахлагчийн төрөлд "bLitz" буюу Б.Гарьдмагнай нар шалгарч үлдсэн байсан.
Өнгөрсөн шөнө болсон HLTV Awards-2025 арга хэмжээний шилдэг дасгалжуулагчаар Францын "Vitality" багийн дасгалжуулагч"XTQZZZ" буюу Реми Куониам шалгарсан бол "The MongolZ" багийн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай хоёрдугаар байрт бичигдсэн байна.
Шилдэг багийн ахлагчаар Францын "Vitality" багийн тоглогч "apEX" буюу Дан Мадесклэйр шалгарсан байна. Харин "The MongolZ" багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай гуравдугаар байрт бичигдлээ.
Түүнчлэн Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдэг багаар нийт есөн тэмцээний аваргын цом өргөсөн Францын "Vitality" баг тодорлоо. Тэд HLTV Awards-2025 наадмын үндсэн зургаан төрлийн тавд нь шилдгээр шалгарсан амжилт үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!