Уншиж байна ...

Иранд үргэлжилж буй жагсаал тэмцлийн үеэр амиа алдсан хүний тоо 500 давсныг хүний эрхийн байгууллага мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Иранд үргэлжилж буй засгийн газрын эсрэг иргэдийн тэмцлийн үеэр амиа алдсан хүний тоо 500 давсныг хүний эрхийн байгууллага Ням гарагт мэдээлжээ.

Өчигдөр бас Тегераны эрх баригчид уг үйл явдалд Вашингтон хөндлөнгөөс оролцвол АНУ-ын цэргийн баазуудад довтлохоо анхааруулсан байна.

Исламын Бүгд Найрамдах улсад 2022 оноос хойших хугацааны хамгийн том жагсаал тэмцэл бараг сүүлийн хоёр долоо хоног үргэлжилж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаагаа Тегераны эрх баригчдад удаа дараа анхааруулаад байна.

АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллага өнгөрсөн хугацаанд жагсагчдаас 490 орчим хүн, хууль хүчний байгууллагуудаас 48 хүн амиа алдаж,10,600 гаруй хүн баривчлагдсаныг өчигдөр мэдээлжээ.

Тегераны эрх баригчид энэ талаар албан ёсны тоо баримт зарлахгүй байгаа тул дээрх тоог хөндлөнгийн эх сурвалжаар батлах боломжгүй байнгаа.

Ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногийн Мягмар гарагт зөвлөхүүдтэйгээ Ираны асуудлаар уулзаж, боломжит хувилбаруудыг хэлэлцэхээр болсныг АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Хэлэлцэх хувилбаруудад агаарын цохилт, кибер зэвсэг, нэмэлт хориг арга хэмжээ зэрэг арга хэрэгслүүд багтаж байгаа гэнэ.

Энэ мэдээний хариуд Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф “Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Хэрвээ Иранд халдвал эзлэгдсэн газар нутаг (Израил) болон АНУ-ын цэргийн баазууд манай хууль ёсны бай болох болно” гэж анхааруулжээ.

Тэрбээр Ираны элит зэвсэгт хүчний нэгж болох Хувьсгалт Гвардын командлагч байсан хүн юм.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр үнийн өсөлт, валютын ханшийн уналтын улмаас Тегеран хотын их захын наймаачид засгийн газрын эсрэг жагсаал эхлүүлж байв.

Сүүлд их сургуулийн оюутнууд уг жагсаалд нэгдэж, Ираны олон хотод хүрээгээ тэлсэн юм.

Тэд 1979 оны Исламын хувьсгалын дараа тогтсон Тегераны дэглэмийг түлхэн унагах, үүнээс өмнө Иранд оршин тогтнож байсан хаант засаглалыг сэргээхийг уриалж байгаа.

Эрх баригчид иргэдийн тэмцлийг нухчин дарахын тулд цэрэг, цагдаагийн хүчээ нэмэгдүүлж, орон даяар интернэт сүлжээг хаасан юм.

Өчигдөр Тегераны эрх баригчид “АНУ болон Сионист дэглэмийн эсрэг тэмцэлд амиа алдсан эх орончдын дурсгалыг хүндэтгэх” гурав хоногийн гашуудал зарлажээ.

Энэ нь жагсагчидтай мөргөлдөх үеэр амиа алдсан хууль хүчний байгууллагуудын ажилтнуудтай холбоотой арга хэмжээ юм байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Израилийн арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Тус улс 2025 оны зургаадугаар сард Ирантай 12 өдрийн турш дайтаж байв. Уг дайнд АНУ хэсэгчлэн оролцож, Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөж байлаа.

Хариуд нь Ираны арми Катар дахь АНУ-ын цэргийн баазад пуужингаар довтолсон ч төдийлөн их хохирол учруулж чадаагүй юм.

Энэ удаагийн жагсаал тэмцлийг АНУ, Израиль улсууд өдөөн турхирсан гэж Тегеран үзэж байна.

“Айл өрхүүдэд хандаж хэлэхэд: хүүхэд залуучуудаа хүн алдаг террористууд, босогчидтой битгий нийлүүл” гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан саяхан телевизээр яриад засгийн газар нь эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг сонсоход бэлэн байгааг мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт тэмцэгчид Их Британи дахь Ираны элчин сайдын яамны барилгаас төрийн далбааг буулгаж, оронд нь 1979 оны Исламын хувьсгалаас өмнө хэрэглэж байсан далбааг сэргээн мандуулсан юм.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Иранчууд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эрх чөлөөг нэхэж байна. АНУ үүнд туслахад бэлэн байна” гэж сошиал хуудсаараа мэдэгдэж байв.

Тухайн өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар утсаар ярихдаа Ираны асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх арга замуудыг хэлэлцсэн сурагтай байна.

Нетаньяху засгийн газрынхаа хуралдааны үеэр Израил улс Ираны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгааг мэдэгджээ.

“Бид бүгд Перс үндэстэн удахгүй харгис дарангуйллаас чөлөөлөгдөнө гэдэгт найдаж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters