Оросын хөлөг тэнгисийн усан доогуурх кабелийг таслахын тулд зангуугаа чирч явсныг Финландын мөрдөгчид тогтоожээ
Хельсинки хотыг Эстонийн нийслэл Таллин хоттой холбосон тэнгисийн кабелийг таслахын тулд Оросын хөлөг хэдэн арван километрийн өмнөөс зангуугаа чирч явсныг олж тогтоосноо Финландын цагдаагийн төв байгууллага Ням гарагт мэдэгджээ.
2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр уг тасалдалтай холбогдуулан ОХУ-ын Санкт Петербург хотоос Израилийн Хайфа боомтын чиглэлд аялж явсан 132 метр урт ачаа тээврийн Fitburg хөлгийг Финландын эрх баригчид саатуулж байсан юм.
Хөлгийн багийг “нийгэмд санаатай ноцтой хохирол учруулсан, харилцаа холбоог саатуулсан” үндэслэлээр шалгаж байна.
2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсэн цагаас хойш тэнгисийн ёроолын кабел, дэд бүтцүүдэд гэмтэл саатал учруулах үйлдэл нь Өрнөдийн орнуудын эсрэг Оросын явуулж буй хайбрид дайны нэг хэсэг болсон гэж ажиглагчид үздэг.
“Фитбург хөлөг гэмтлийн цэгт хүрэхээсээ хэдэн арван километрийн өмнөөс зангуугаа буулган тэнгисийн ёроолоор чирч явсан гэж сэжиглэх үндэслэл бидэнд байна” гэж Финландын цагдаагийн байгууллага мэдэгдэлдээ тайлбарлажээ.
Хөлгийн багийн 14 гишүүн Орос, Гүрж, Азербайжан, Казахстаны иргэдээс бүрдэж байсан байна.
Хельсинки хотын шүүх тэднээс Азербайжаны нэг иргэнийг долоо хоногийн хугацаатай баривчлах захирамж гаргажээ.
Оросын нэг иргэнийг оролцуулаад бусад гурван гишүүнд хилийн хориг тавьсан байна.
Тасарсан кабелийг Финландын харилцаа холбооны Elisa компани эзэмшдэг ажээ.
Сүүлийн жилүүдэд Балтийн тэнгисийн усан доор оршдог харилцаа холбоо, эрчим хүчний кабел шугамууд, дамжуулах хоолойнууд гэмтэх явдал эрс нэмэгдсэнийг Оросын талаас явуулж буй хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж болзошгүй хэмээн сэжиглэх болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
