АНУ-тай хамтарч ажиллахгүй бол илүү муу зүйл тохиолдохыг Венесуэлийн дэд ерөнхийлөгчид Трамп анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2026 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон дэд ерөнхийлөгч Дэлси Родригест өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хамтарч ажиллахаас татгалзвал өмнөх удирдагчаасаа илүү гашуун үр дагавар амсахыг анхааруулсан байна.

Бямба гарагийн шөнө АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн нийслэлд халдаж, ерөнхийлөгч Николас Мадурог гэргийнх нь хамт баривчлан Нью-Йорк хотод хүргээд байгаа билээ.

Өнөөдөр буюу Даваа гарагт хар тамхи, галт зэвсгийн зэрэг гэмт хэрэгт буруутгагдсан Мадурогийн шүүх хурал эхэлнэ.

“Хэрвээ тэр зөв зүйл хийхгүй бол маш их үнэ төлөх болно. Магадгүй Мадурогийнхаас ч илүү өндөр үнэ төлнө” гэж Трамп өчигдөр гольф тоглохоор явах замдаа утсаар хэвлэлд өгсөн богино ярилцлагадаа хэлжээ.

Сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчидтэй уулзахдаа илүү аядуу байр суурь илэрхийлсэн байна.

Тухайлбал дэд ерөнхийлөгч Родригестэй утсаар ярилцсанаа, тэр Вашингтонтой хамтран ажиллахаа амласныг Рубио баталсан юм.

“Түүнийг тун найрсаг байсан гэж би бодож байна. Гэхдээ түүнд өөр сонголт үнэхээр байхгүй” гэж Рубио энэ үеэр хэлжээ.

зураг
 
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригес

Мадурог баривчилсан тусгай ажиллагаа дэлхий нийтийг цочроосон үйл явдал болоод байгаа билээ.

Бямба гарагт Флоридагийн Мар-А-Лаго хувийн эдлэндээ зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Трамп эрх мэдлийг аюулгүй шилжүүлэх нөхцөл бүрдтэл Венесуэл улсыг АНУ удирдах бөгөөд тус улсын газрын тосны их нөөцийг Америкийн компаниуд олборлож эхлэх тухай мэдэгдсэн юм.

Венесуэл улс нь газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг буюу 20 орчим хувийг эзэлдэг.

Гэхдээ үйлдвэрлэлийн дэд бүтэц нь хуучирч муудсаны улмаас нийлүүлэлт нь дэлхийн зах зээлд багахан хувийг эзэлдэг юм. Мадурогийн уналтын дараа Венесуэл улсыг ямар хувь заяа хүлээж байгаа нь бүрхэг хэвээр байна.

Ням гарагт Венесуэлийн парламентын гишүүн, Мадурогийн хүү Николас Мадуро Герра эх орон нэгтнүүддээ Вашингтоны түрэмгий үйлдлийг эсэргүүцэн тэмцэхийг уриалжээ.

“Биднийг гудамжинд жагсахыг, ард түмэн бидний ард байгааг, манай далбаа мандаж байгааг та бүхэн харах болно. Тэд биднийг сул дорой харагдуулахыг хүсэж байгаа ч ингэж чадахгүй” гэж тэр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Харин Трамп тус улсын ирээдүйн талаар өчигдөр ярихдаа “Сэргээн босголт, дэглэмийн өөрчлөлт гэх мэтээр та нар үүнийг хүссэнээрээ нэрлэж болно. Ямар ч байсан Мадурогийн үеэс илүү дээр байх болно. Венесуэлийн тохиолдолд сэргээн босголт бол лав муу хувилбар биш. Энэ улс тамд унаад байсан. Энэ улс дампуурсан байсан. Бүрэн дампуурсан байсан. Бүх талаараа гамшиг болсон байсан” гэж хэлжээ.

Гэхдээ Трамп улс орон нь Венесуэлд дайн зарлаагүйг батлан илэрхийлсэн байна. “Бид Венесуэлтэй дайтаагүй. Бид хар тамхины наймаа эрхэлдэг байгууллагад дайн зарласан. Бид Венесуэлд цэргээ оруулаагүй. Тэд зөвхөн Мадурог баривчлахын тулд тэнд хоёрхон цаг байсан. Энэ бол дайралт биш” гэж тэр мэдэгдсэн юм.

зураг
 

Ням гарагийн өглөө Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино телевизээр үг хэлэхдээ тус улсын зэвсэгт хүчин тусгаар тогтнолоо хамгаалахын тулд байлдааны бэлэн байдалд шилжсэнийг мэдэгджээ.

Ингэхдээ тэр АНУ-ын явуулсан ажиллагааны үеэр ямар нэг хохирол амссан талаар тоо баримт дурдаагүй байна.

Падрино энэ үеэр Венесуэлийн дээд шүүхээс томилогдсон ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Родригесийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Бямба гарагийн ажиллагааны дараа АНУ-ын хүч чадлыг дэлхий дахинд гайхуулсан утгатай мэдэгдлийг Трамп хэд хэдэн удаа хийгээд байна.

Тухайлбал тэр Мадурог баривчлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа уг аргаа Куба, Колумб, Мексик улсуудын эсрэг ашиглах боломжтойг анхааруулсан юм.

Энэ сүрдүүлэг бүс нутгийн улс орнуудыг нэлээд цочроогоод байна.

Тухайлбал Бразил, Чили, Колумб, Мексик, Испани, Уругвай улсын засгийн газрууд АНУ-ын Венесуэлд явуулсан үйл ажиллагаа нь “бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд маш аюултай жишиг тогтоож, энгийн ард иргэдэд аюул учруулж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Венесуэлийн засгийн газар өчигдөр бас Латин Америк, Карибын бүс нутгийг нэгтгэдэг 33 гишүүн оронтой байгууллагад өөрийг нь өмгөөлсөн байр сууриа илэрхийлэхийг уриалсан байна.

Унгараас бусад Европын Холбооны 26 гишүүн улс өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Венесуэлийн асуудалд оролцогч бүх талуудад “хүчирхийллээс зайлсхийх, хямралаас энх тайванч арга замаар гарах”-ыг уриалжээ.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр буюу Даваа гарагт Венесуэлд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэх хуралдааныг зарласан байна.

 

Эх сурвалж: AFP