Physical Asia-д оролцогч холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд "One" холбооны аваргын бүсний төлөө тулалдана
Холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One"-д өрсөлддөг Б.Энх-Оргил ээлжит тулаанаа ирэх сарын 5-ны Баасан гарагт Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо тулалдана.
Bantamweight буюу 65.8 кг-ын жинд аваргын бүсийг 2023 оноос хойш эзэмшиж буй Ф.Андрадегийн эсрэг чансааны №4-т жагсаж буй Монголын Б.Энх-Оргил "One Fight Night 38"-ын оргил тулаанаар нэрлэгдсэн юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн "Team Tungaa" багт бэлтгэлээ базаадаг Б.Энх-Оргил "One" холбоонд долоон удаа тулалдахдаа зургаад нь ялсан билээ.
Тэрбээр бразил өрсөлдөгчөө ялбал "One" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болох боломжтой.
Монголоос хамгийн анх Ж.Нарантунгалаг гавьяат 2014 онд Японы Кожи Оишиг буулган авснаар аваргын бүс эзэмшиж байв. Харамсалтай нь аваргаа хамгаалах эхний тулаанд ОХУ-ын Марат Гафуровд ялагдсан аж. Тэрбээр дараа нь хоёр ч удаа аваргын бүсний төлөө тулалдсан ч дийлдсэн түүхтэй.
Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт болох тус тулааны бас нэгэн үзүүштэй өрсөлдөөнийг Бразилын Диого Рейс, Японы Дайки Ёоникүра нар аваргын бүсийн төлөө өрсөлдөнө.
Тулааны хамгийн үнэтэй тасалбар нь 10,000 бат буюу ойролцоогоор ₮1,100,000 орчим. Харин рингний ойролцоох суудал нь 4,500 бат буюу ойролцоогоор ₮500,000 болох бол хамгийн хямд тасалбар нь 1,200 бат буюу ₮133,000 байх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
