ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын бүх нисэх буудлууд онгоц хөөрөх, буухыг хэсэг хугацаанд хориглоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн их сургуулийн элсэлтийн шалгалттай холбоотойгоор ирэх Пүрэв гарагт бүх нисэх буудлуудад онгоц хөөрөх, буухыг хэсэг хугацаанд хориглохоор болсныг Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр өглөө мэдэгджээ.

Тус улсын тээврийн яамны мэдээлснээр Пүрэв гарагийн 13:05 цагаас 13:40 цаг хүртэл 35 минутын хугацаанд орон даяар ийм хориг арга хэмжээ авах юм байна. Энэ нь тухайн цагт элсэлтийн шалгалтын англи хэлний сонсголын сорил зохион байгуулагдахтай холбоотой ажээ.

Өөрөөр хэлбэл шалгуулагч хүүхдүүдийн сонсголд саад болох дуу чимээг багасгах зорилгоор онгоцнуудын хөөрөх, буух үйлдлийг хориглох юм байна.

Энэ үед агаарт байгаа онгоцнууд төвөөс өгсөн чиглэлийн дагуу сорилын цагийг дуустал газраас дээш гурваас илүү километрийн өндөрт нислэгээ үргэлжлүүлэх ёстой гэнэ.

Үүнтэй холбоотойгоор нийт 140 нислэгийн цагийн хуваарийг өөрчлөх ба энэ талаар агаарын тээврийн компаниудад урьдчилж мэдээлэхээр болжээ.

Жил бүр зохион байгуулагддаг CSAT (College Scholastic Ability Test) нэртэй их сургуулийн элсэлтийн шалгалт нь хүүхэд залуусын хичээл зүтгэлийг үнэлэх, ирээдүйн амьдралыг шийдвэрлэх томоохон арга хэмжээ юм.

 

Эх сурвалж: Yonhap News