Уншиж байна ...

Украины шүүх анх удаа олзны хүнийг алсан хэргээр Оросын цэрэгт бүх насаар хорих ял оноожээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Украины шүүх өчигдөр өөрийнх нь олзлогдсон цэргийн амийг хөнөөсөн хэргээр Оросын цэргийн алба хаагчид бүх насаар хорих ял оноосон нь ийм хэргийг ялласан анхны тохиолдол болжээ.

Тус улсын зүүн өмнөд бүсийн Запорожье хотын шүүх 27 настай Дмитрий Курашовыг 2024 оны нэгдүгээр сард бууж өгсөн Украины цэрэг Виталий Ходнюкийн амийг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгасан байна.

Ходнюк байрлалыг нь Оросын цэргүүд булаан эзэлсний дараа зэвсгээ хаян бууж өгч байжээ.

Энэ явдлаас хойш удалгүй Курашов бусад орос цэргүүдийн хамт Украины талд олзлогдсон юм байна.

Курашов шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээсэн ч сүүлд сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийгөө буруугүйг хэлээд олзны цэрэг солилцоонд хамрагдах хүсэлтэй байгааг илэрхийлжээ.

Украины олзлогдсон цэргүүд Оросын зэвсэгт хүчнийхэнд алагдах явдал түгээмэл байдаг. Тиймээс өчигдрийн шийдвэр нь Украины хувьд бэлгэдлийн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ оны хоёрдугаар сард НҮБ-ын Хүний Эрхийн Хяналтын Хорооноос гаргасан мэдэгдэлд олзлогдсон Украины цэргүүдийг цаазалсан тохиолдол “сэтгэл түгшээх хэмжээнд өссөн” тухай дурдаж байв.

Харин Оросын эрх баригчид цэргүүдийнхээ үйлдсэн дайны гэмт хэргийг үгүйсгэсээр байгаа.

Олон улсын хүмүүнлэг ёсны хууль дүрмээр дайнд олзлогдогсод болон шархадсан хүмүүсийг цаазлах хориотой байдаг бөгөөд үүнийг дайны гэмт хэрэг гэж үздэг.

2022 онд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш сайн дураар бууж өгсөн Украины 322 алба хаагчийн амийг хөнөөсөн хэргийн мөрөөр шалгаж байгаагаа Украины прокурорын ерөнхий газар мэдээлж байжээ.

Байлдааны үеэр зүүн нүдээ алдсан Курашов нь шоронгоос эрт суллагдсаныхаа хариуд Оросын армийн “Шуурга V” нэртэй ангид алба хаах болсон хүн юм байна.

Шийдвэр гарсны дараа тэр шүүхэд хандан сүүлчийн удаа үг хэлэхээс татгалзжээ.

Сэтгүүлчдийн ихэнх асуултад хариулаагүй Курашов олзны хүмүүсийн солилцоонд хамрагдах хүсэлтэй эсэх талаар нь асуухад бага зэрэг инээмсэглэсэн байна.

Өчигдрийн шүүх хуралд оролцоогүй Курашовын өмгөөлөгч өмнө нь үйлчлүүлэгчээ “10 жилийн хорих ял авбал шударга ёсонд нийцнэ” гэж мэдэгдэж байсан бол шүүгч прокуроруудын хүсэлтийг ёсоор болгожээ.

 

Эх сурвалж: Reuters