ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн ерөнхийлөгчийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн этгээдийг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өөрийнх нь биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн эрэгтэйг баривчлуулж, хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхээр шийдсэнээ өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Мехико хотын төв гудамжинд иргэдтэй уулзах үеэрээ уг халдлагад өртсөн юм.

Нэгэн согтуу эрэгтэй ерөнхийлөгчийг тэврэн үнсэж, биеийн эмзэг хэсэгт нь хүрэхээр завдсаныг хэвлэлүүдийн камерт бичигдсэн дүрс бичлэг харуулжээ.

Энэ үеэр ерөнхийлөгч түүний гарыг түлхээд хүчээр инээмсэглэж байв. Мөн бие хамгаалагч нартаа “Санаа зоволтгүй” гэж хэлж байгаа нь бичигджээ.

Ерөнхийлөгчийн биед халдсан этгээдийг баривчилсан тухай Мехико хотын захирагч Клара Бругада сүүлд мэдээлсэн байна.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Шэйнбаум ийм халдлагад өртсөн нь анхны тохиолдол биш болохыг мэдэгдээд “Эмэгтэй хүний хувийн орон зайд халдах эрх хэнд ч байх ёсгүй” гэж анхааруулжээ.

“Би зөвхөн ийм зүйлд өртсөн эмэгтэй хүнийхээ хувьд биш, манай улсын эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог зүйл гэдэг утгаар нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар шийдлээ. Би үүнийг өмнө нь ерөнхийлөгч болоогүй байхдаа, оюутан байхдаа мэдэрч байсан” гэж тэр хэлсэн байна.

Тухайн өдөр Шэйнбаум цаг хэмнэхийн тулд өөрийн ордноос боловсролын яамны байр хүртэл алхахаар шийджээ. Тэрбээр автомашинаар 20 минут явах замыг явган алхвал таван минутад туулна гэж тооцсон юм байна.

Хэдийгээр тэр замдаа ийм зүйлтэй тохиолдсон ч цаашид хандлагаа өөрчлөхгүйг амлажээ.

Клаудиа Шэйнбаум нь одоогоос нэг жил гаруй хугацааны өмнө Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байв.

 

Эх сурвалж: Associated Press