Уншиж байна ...

Д.Мөнхбаатар: ААН-үүд нэг тонн шигшсэн миддлингийг 250,000 төгрөгөөр худалдаж авч, түлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн НЗД-ын захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (миддлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр болоод буй.

Ингэснээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг Аж Ахуйн Нэгжүүд/ААН/ “Тавантолгой түлш” компанитай гэрээ байгуулж, шигшсэн миддлинг түлш авч хэрэглэх ёстой байна. 

Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдаж авсан шахмал түлш ашиглаж байна.

Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин ААН-үүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн миддлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэв.

Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим ААН хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно гэж тэрбээр мэдэгдлээ.