2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн НЗД-ын захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (миддлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.
Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.
Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь, миддлинг 22 хувь, хагас кокс 11 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон.
2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 350 мянга гаруй тонн хагас коксн шахмал түлшний хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байна.
Иймд 2025 оны есдүгээр сарын 15-аас эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!