Украины дроны халдлагын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 40 орчим хувь зогсжээ
Наймдугаар сарын эхнээс хойш Украины нисгэгчгүй онгоцны цохилт Оросын 20 гаруй газрын тос боловсруулах үйлдвэрт хохирол учруулсны улмаас тус улсын түлш шатахууны зах зээлд урьд өмнө байгаагүй гүн хямрал үүсээд байна.
Есдүгээр сарын 28-ны байдлаар Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 38 хувь буюу өдрийн 338,000 тонн шатахуун үйлдвэрлэх багтаамж сул зогсож буйг “Сиала” тоон мэдээллийн агентлаг баталжээ.
Бензин, дизель түлш үйлдвэрлэх нийт хүчин чадал наймдугаар сард 6 хувиар, есдүгээр сард нэмээд 18 хувиар буурсан байна.
Зөвхөн есдүгээр сард Оросын дөрвөн том боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагын улмаас зогсжээ.
Тухайлбал Оросын хоёр дахь том үйлдвэр болох Ленинград мужийн Кинеф есдүгээр сарын 14-нд, топ таван үйлдвэрийн нэг болох Роснефтийн Рязань 5-ны өдөр тус тус зогссон байна. Улмаар есдүгээр сарын 20-нд Новокуйбышевскийн үйлдвэр, есдүгээр сарын 22-нд Газпромын Астрахань дахь үйлдвэр зогсжээ.
Үүний улмаас есдүгээр сарын бензиний үйлдвэрлэлийн хэмжээ нэг сая тонноор буурч, Оросын дотоод зах зээлд 20 хувийн хомсдол үүсгэснийг Коммерсант сонин салбарын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Алс Дорнодын бүс нутаг болон Крымийн хойгт хомсдол хамгийн хүндээр тусаж, энэ долоо хоногийн эхнээс нэг хүнд 30 литрээс илүү бензин өгөхгүй байх хязгаар тогтоожээ.
Сахалинаас эхлээд Нижегородск хүртэл Оросын 20 гаруй мужид шатахууны хомсдол үүссэн байна.
Хямралаас гарахын тулд Оросын газрын тосны компаниудын хийж чадах зүйл бага болохыг эдийн засагч Владислав Иноземцев тайлбарлажээ. Эвдэрсэн үйлдвэрүүдийг засварлахад олон сарын хугацаа шаардагдах бөгөөд хориг арга хэмжээ үүнийг улам хүндрүүлж байгаа гэнэ.
Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд 2010-аад оны үед Өрнөдийн техник технологиор шинэчлэгдсэн нь үүнтэй холбоотой.
Эдгээрийг Хятадын ижил төстэй техникээр орлуулах тийм амар ажил биш болохыг Иноземцев тайлбарлажээ.
Гал унтраах арга хэмжээ авахын тулд Оросын засгийн газар энэ оныг дуустал бензин шатахууны экспортыг хориглосон бол бас гадаадаас импортлох замаар хомсдолыг нөхөхөөр бэлдэж байна.
Тухайлбал Евразийн Эдийн Засгийн Холбооны хүрээнд бензин, дизель түлш, нисэх онгоцны түлшний импортын татварыг тэглэхээр болжээ.
Үүнээс гадна дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд байгаль орчны стандарт шаардлагуудаа сулруулахаар төлөвлөж байгааг Коммерсант мэдээлсэн байна.
Бензин түлшний хямрал инфляцын өсөлтийг хурдасгах эрсдэл учруулж буйг Freedom Finance Global байгууллагын шинжээч Владимир Чернов анхааруулжээ.
Бензин шатахууны бөөний үнэ энэ оны эхнээс 40 гаруй хувиар өссөн бол өргөн хэрэглээний барааны үнэ жилийн өмнөхөөс 11-12 хувиар өссөн нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр өсөлт болсон байна.
“Бензин шатахууны үнийн өсөлт хөдөө аж ахуй, тээвэр ложистикийн зардлыг өсгөснөөр хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх нь гарцаагүй” гэж Чернов тайлбарлажээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
