БНАСАУ өөрийгөө хамгаалах үүднээс АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс цэрэг дайны ямар нэг өдөөн хатгалга хийвэл хариуг нь цаг тухай бүрт нь хатуу ширүүнээр өгч байх болно хэмээн мэдэгдсэн тухай тус улсын “Нодон синмун” сонины өчигдрийн дугаарт мэдээлжээ.
Энэхүү мэдэгдэл нь Солонгосын хойгийн өмнөд хэсэгт хийхээр төлөвлөж буй “Key Resolve” болон “Foal Eagle” цэргийн хамтарсан сургуультай холбоотой аж.
Тэд цэргийн сургууль нэртэй энэ ажиллагаа нь Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнийхээ бэлэн байдлыг хангуулж буй хэлбэр хэмээн үзэж байгаа гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагууд Вашингтонд хандан сонголтоо зөв хийхийг сануулахын хамт цэрэг дайны элдэв өдөөн хатгалаа зогсоохыг шаардсан байна.
БНСУ болон АНУ-ын батлан хамгаалахын салбарынхан ирэх сарын сүүлчээр “Key Resolve” команд-штабын хамтарсан сургууль хийх юм. Энэ сургууль хоёр долоо хоног үргэлжилнэ.
Харин “Foal Eagle” хээрийн сургуулийг дөрөвдүгээр сард товлосон бөгөөд энэ үеэр Америкийн Цэргийн хүчний сүүлийн үеийн зэвсэг техникийг турших аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!