Ажилтантайгаа дотно харилцаатай болсон захирлаа Nestle компани ажлаас нь халав
Ердөө ганцхан жил ажилласан гүйцэтгэх захирлаа өөрийн шууд удирддаг ажилтантайгаа дотно харилцаатай болсон үндэслэлээр чөлөөлж буйг Nestle компани өчигдөр зарлажээ.
Kit Kat шоколад, Nespresso кофе үйлдвэрлэдэг Швейцарын хүнсний аварга компани дотооддоо явуулсан шалгалтын үр дүнд гүйцэтгэх захирал Лорен Фрейксийг нэн даруй ажлаас нь халж буйг тайлбарласан байна.
Nestle компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пол Булке “Энэ бол зайлшгүй авах арга хэмжээ байлаа. Манай үнэт зүйлс, засаглал нь компанийн бат бөх үндэс суурь юм. Би олон жил ажилласанд нь Лоренд талархаж байна” гэж хэлжээ.
Лорен болон түүний удирдлагын багт байдаггүй ажилтан хоёрын харилцаа ашиг сонирхлын зөрчил үүсгэж байсан тул шалгах шаардлагатай болсныг тэр тайлбарласан байна.
Дотоод шалгалтыг Бурке болон тус компанийн удирдах зөвлөлийн хараат бус захирал Пабло Исла нар удирджээ.
Фрейксийн ажилтантайгаа үүсгэсэн дотно харилцааны тухай дуулиан анх энэ оны эхээр нийтэд ил болж байв.
Гэвч эхний дотоод шалгалтаар үүнийг баталж чадаагүй тул хэрэгсэхгүй болгож байжээ.
Гэхдээ дуулиан намжихгүй байсан тул сүүлд Nestle компани гаднын хараат бус хуульчийн оролцоотойгоор дахин шалгасан юм байна.
Ноён Фрейкс тус компанид 40 орчим жил ажилласан ч өнгөрсөн оны есдүгээр сард л гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байжээ.
2001 оноос хойш Nestle компанид ажиллаж буй Филипп Навратил түүний залгамжлагчаар томилогдсон байна.
Бусад компаниуд ч бас ажилтантайгаа дотно харилцаатай болсон гүйцэтгэх захирлаа халж байв.
Хэдхэн жилийн өмнө газрын тосны аварга компани BP-ийг гурван жил удирдсан Бернард Лүни ийм шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн юм.
2019 онд түргэн хоолны аварга сүлжээ McDonald’s-ийн гүйцэтгэх захирал Стив Истербүк бас нэг ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар халагдаж байв. Сүүлд тэр өөр гурван ажилтантайгаа явалддаг байсныг нэмж тогтоосон юм.
Үүний улмаас тэр эхлээд аваад байсан ажлаас халагдсаны тэтгэмж болох $105 саяа буцааж төлөхөд хүрч байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
