ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь Налайх дүүргийн наадамд түрүүлснээр АЙМГИЙН АРСЛАН боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Налайх дүүргийн баяр наадамд 128 бөх зодоглолоо.

Улсын гарди Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан тус барилдаанд улсын гарди хоёр, заан гурав, харцага зургаа, начин 29 барилдав.

Тэднээс Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь долоо даван түрүүлж, 29 насандаа аймгийн арслан боллоо. Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү үзүүрлэснээр аймгийн заан цолонд хүрлээ.

Ө.Батсуурь 2022 оны Бүх цэргийн наадмаар үзүүрлэснээр цэргийн заан болж байсан юм.

Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат аймгийн начин Хажыхалигийн Хожабай, Говь-Алтай аймгийн Шарга сумын бөх, сумын заан Даваанямын Далайбаяр нар шалгарснаар аймгийн начин цолтой болов.

Түрүү бөх Ө.Батсуурь энэ барилдааны гурвын даваанд аймгийн арслан О.Баярбаасан, дөрвийн даваанд улсын начин Д.Амарсайхан, тавын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэл нарыг давжээ.