Теслагийн бизнесийг хамгийн өөдрөгөөр хардаг зах зээл судлаачдын нэг болох Wedbush Securities компанийн шинжээч Дэн Айвз өчигдөр тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн идэвхийг хязгаарлах журамтай болохыг уриалжээ.
Саяхан Илон Маск хоёр намын тогтолцоотой АНУ-д улс төрийн шинэ нам байгуулахаар шийдсэнээ зарласан юм.
Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлогын эсрэг тэмцэх зорилготой алхам байлаа.
Өмнө нь Маск ерөнхийлөгч Трампыг сонгуульд ялахад нь тусалж, дараа нь түүний засаг захиргаанд албан тушаал хашсан нь Тесла компанийн бизнест томоохон хохирол учруулж байв.
Тэгвэл Трамптай хагаралдаж, улс төрийн шинэ нам байгуулахаар болсон нь Теслагийн хувь заяаг улам бүрхэг болгож байгаа тул хөрөнгө оруулагчид айдаст автаад байна.
Маскийн саналын эрхийг 25 хувь хүртэл нэмэгдүүлж, Теслад зарцуулах ажлын цагийн доод хязгаарыг тогтоож, улс төрийн үйл ажиллагааг нь хянадаг болох зэрэг арга хэмжээг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд Дэн Айвз санал болгожээ.
Гэвч Маск түүний энэ саналд X хуудсаараа маш товч хариу өгсөн нь “Амаа тат, Дэн” гэсэн хэдхэн үг байлаа.
Дэн үүнд шууд хариу үйлдэл үзүүлэлгүй өнгөрсөн байна.
Харин сүүлд хэвлэлд ярихдаа “Илонд өөрийн бодол байгаа. Би түүнийг нь ойлгож байна. Гэхдээ би удирдах зөвлөлийг зөв алхам хийгээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Маскийн улс төрийн үйл ажиллагаанд Теслагийн удирдах зөвлөлд анхаарлаа хандуулах болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан.
Тухайлбал дөрөвдүгээр сард The Wall Street Journal сонин Маскийн оронд гүйцэтгэх захирал шинээр томилох талаар удирдах зөвлөл судалж байгаа талаар мэдээлсэн юм.
Гэхдээ удирдах зөвлөлийн дарга Робин Дэнхолм үүнийг эрс няцааж байв.
Тухайн үед Дэн Айвз хараахан дээрх санааг дэмжээгүй ч Илон Маск хоёр зүйлийг тодорхой болгох шаардлагатайг хэлж байжээ.
Үүнд Тесла болон Цагаан ордонд ажиллах цагийн хуваариа нийтэд ил тод мэдээлэх, хямд үнэтэй цахилгаан автомашин үйлдвэрлэх ерөнхий төлөвлөгөөгөө зарлахыг тэр зөвлөсөн юм.
Харин гүйцэтгэх захирлыг солих санааг “Тесла бол Маск, Маск бол Тесла” гэсэн үгээрээ няцааж байжээ.
Сүүлд Маскийг төрийн албанаас гарч байгаагаа зарлахад Айвз “Теслагийн хөрөнгө оруулагчдын чихэнд чимэгтэй мэдээ” хэмээн сайшааж байв.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!