• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

МОНГОЛ, ЯПОНЫ ХАРИЛЦАА: ДИПЛОМАТ ХАРИЛЦААНААС ЭНХТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨХ ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ХҮРТЭЛ

ikon.mn
2025 оны 7 сарын 6
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад долоодугаар сарын 6-13-нд төрийн айлчлал хийх гэж байна.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэе.


1941 оны дөрөвдүгээр сард Москвад Зөвлөлт-Японы хооронд таван жилийн хугацаатайгаар Төвийг сахих гэрээ болон Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан байдаг. Тунхаглалд: “… Төвийг сахих гэрээний үзэл санааны дагуу… Япон нь БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал ба халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүргийг хүлээн авч байгаагаа нэр төртэй мэдэгдэж байна” гэжээ. Үүгээр Япон нь БНМАУ-ын статус-квот олон улсын эрхзүйн хувьд de facto хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон. Үүнээс гадна БНМАУ Хятадаас хамааралгүй бодитой оршин тогтнож буй субъект мөнийг хүлээн зөвшөөрсөн Алс Дорно дахины анхны их гүрэн нь Япон болсон юм.

1961 онд БНМАУ НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн явдал Өрнөдийн гүрнүүдээс тус улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоох үйл явцыг эхлүүлэв. Япон улсад ч энэ нь нэгэн адил хамаарагдаж байсан юм. Японы тал Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд дэмжсэн санал өгснөө Монгол Улсын тусгаар тогтнолыг de facto хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж байв. Гэвч БНМАУ, Япон улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох үйл явц 1960-аад оны туршид үргэлжилж, даруй арав илүү жил шаардагдсан нь дараах учир шалтгаантай холбогдсон юм. Үүнд: нэгд, Хүйтэн дайны олон улсын нөхцөл байдал, АНУ-ын Зүүн Азийн бодлого, хоёрт, Япон, Тайванийн харилцаа, гуравт, БНХАУ-ын хүчин зүйл, дөрөвт, БНМАУ Японтой дайны нөхцөл байдалтай байсан, тавд, дээрхээс улбаалан БНМАУ Японоос дайны төлбөр нэхэмжилсэн зэрэг гол асуудлууд байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Хенри Киссинжер Бээжинд 1971 оны хавар, зун хоёр ч удаа ойрмогхон нууц болон ил айлчлал хийж, идэвхтэй дипломат ажиллагаа явуулсны үр дүнд БНХАУ 1971 оны аравдугаар сард НҮБ-д хууль ёсны байр сууриа эзлэв. Чингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1972  оны хоёрдугаар сард БНХАУ-д албан ёсоор айлчилж, Бээжин, Ганьчжоу, Шанхай хотноо зочилж, Хятадын удирдагч, Мао Цзедун, Жоу Энь-лай нартай уулзан ярилцаж, “Шанхайн Хамтарсан Мэдэгдэл” гаргаж, түүнд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадыг төлөөлөх хууль ёсны цорын ганц Засгийн газар мөн болохыг хүлээн зөвшөөрөв.    Харин Р.Никсоныг Хятадад очихоос өмнөхөн 1972 оны долоодугаар сард Японы шинээр сонгогдсон Ерөнхий сайд Какуэй Танака, ГЯЯ-ны сайд Масаёши Охира нар есдүгээр сард Бээжинд айлчилж, Япон-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

Нөгөө талд 1972 оны нэгдүгээр сард ЗХУ-ын ГЯЯ-ны сайд А.А.Громыко Японд айлчилж, Ерөнхий сайд Э.Сато, ГЯЯ-ны сайд Такео Фукуда нартай хоёр орны харилцааны талаар уулзаж ярилцах үеэрээ Монголын Засгийн газрын «хүсэлт»-ийн дагуу Монгол Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг тухайлан хөнджээ. Т.Фукуда бээр хариулахдаа “...чухам хэдийд тогтоох нь зөвхөн цаг хугацааны асуудал юм. Гагцхүү харилцаа тогтоохыг Тайвань болон БНХАУ хэрхэн үзэж байгаа бол гэдэг асуудал байгаа юм” гэж байжээ.

Ахмад дипломатч Д.Ёндон бээр дурсахдаа Зөвлөлтийн дипломат албаны тэргүүн А.Громыко Монгол Улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтооход олон жил хориг тавьж байсан, харин Японтой харилцаа тогтоох хэрэгт өөрөө зуучилж Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоох нь БНХАУ, Тайваний аль алинд ямар ч холбогдолгүй асуудал гэж тайлбарлаж байсан нь нэн сонирхолтой гэсэн байдаг.

Олон улсын амьдралд нааштай өөрчлөлтүүд гарч байх үед Монгол-Японы хооронд томоохон үйл явдлууд өрнөсөөр байжээ. 1970-1971 онд дипломат харилцаагүй хоёр улсын хооронд Засгийн газар, ГЯЯ, парламентын өндөр дээд түвшний төлөөлөгчид харилцан айлчилсан нь хоёр талын харилцааны түүхэнд тэмдэглэвэл зохих содон үйл явдал болжээ.

Цаашлаад БНМАУ Японтой дипломат харилцаа тогтооход тээг болж байсан нэг талын ёс төдий дайны байдлыг цуцлах шийдвэрийг АИХ-ын Тэргүүлэгчдийн 1972 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар нотлов. Дараахан нь Москвад суугаа Монгол, Японы Элчин сайд Н.Лувсанчүлтэм, Кинья Нийсэки нарын хооронд хэлэлцээ эхэлж, улмаар 1972 оны  хоёрдугаар сарын 24-нд  хэлэлцэгч талууд ноот бичиг солилцсоноор хоёр улс тусгаар тогтнолоо de jure хүлээн зөвшөөрч,  албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ.

БНМАУ-аас Япон улсад суух анхны элчин сайдаар Н.Лувсанчүлтэм томилогдож, 1972 оны зургаадугаар сарын 23-нд Японы Цог жавхлант Эзэн хаан Хирохитод Ижгэмжлэх жуух бичиг (ИЖБ)-ээ барьж, Ерөнхий сайд Э.Сато, ГЯЯ-ны сайд Т.Фукуда нартай уулзаж, хоёр орны харилцааны цаашдын  төлөвийн талаар санал солилцожээ. Монголд суух Японы анхны элчин сайд К.Нийсэки  наймдугаар сарын 25-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн Нэгдүгээр орлогч дарга С.Лувсанд ИЖБ-ээ барьж, Сайд нарын Зөвлөлийн (СнЗ) даргын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэрсүрэн, албаны бусад хүмүүстэй уулзаж, Монголын байдалтай танилцсан ажээ. Японы Засгийн газар ЭСЯ-аа 1973 оны зургаадугаар сарын 15-нд Улаанбаатар хотод нээж, анхны байнгын элчин сайд Итару Цугэ аравдугаар сарын 19-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн Нэгдүгээр орлогч С.Лувсанд ИЖБ-ээ барив. БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1973 оны арванхоёрдугаар сарын 24-нд Токиод Монголын ЭСЯ албан ёсоор нээгдэж, байнгын элчин сайдаар томилогдсон С.Дамбадаржаа 1974 оны нэгдүгээр сарын 31-нд Японы эзэн хаан Хирохитод ИЖБ-ээ барьжээ. Тэрбээр урьд нь Лондонд элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч байв.

Япон улс нь монголын ард түмний өмнө санаа сэтгэлийн үүрэг хүлээх талаар хоёр улсын албан ёсны төлөөлөгчдийн уулзалт ярианы үеэр удаа дараа хөндөж байсны дагуу Японоос БНМАУ-д тодорхой хэмжээний хөрөнгийг буцалтгүй тусламжаар олгох асуудал дараагийн шатанд зүй ёсоор гарч иржээ. Энэ асуудал олон удаа яригдсаны эцэст Япон улсаас Монгол Улсад ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг техникийн туслалцааны хэлбэрээр барьж байгуулахад зориулан 5 тэрбум иений (тухайн үеийн ханшаар 17 сая ам. доллар байжээ Д.У) хөрөнгийг буцалтгүй тусламжийн хүрээнд үзүүлэх болсныг зөвшөөрч, 1976 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны тогтоол гарснаар БНМАУ-ын Японоос нэхэмжлэх «дайны төлбөр» гэх асуудал үүгээр нэг мөр эцэслэн шийдэгджээ.

Тийнхүү 1981 оны есдүгээр сард хоёр улсын хамтын ажиллагааны анхны тулгын чулуу, бэлэг тэмдэг болсон үйлдвэр ашиглалтад орж, Монгол-Японы Засгийн газар хоорондын эдийн засгийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэгч «Иточу» компани, Монголын Комплекс төхөөрөмжийн импорт нэгдлийн хооронд байгуулсан гэрээ хугацаандаа амжилттай биелэгджээ. Энэ үйлдвэрийг БНМАУ-ын СнЗ-ийн 1981 оны 344 дүгээр  тогтоолоор ноолууран эдлэлийн «Говь» комбинат  гэж нэрлэхээр болсон байна. 

Ийнхүү хоёр орны харилцаа аажим боловч хөгжсөөр өөрчлөн байгуулалт, улс төрийн шинэ сэтгэлгээтэй золгов. 1987 оны тавдугаар сард Монголын ГЯЯ-ны сайдын хувиар М.Дүгэрсүрэн, 1989 оны аравдугаар сард Японы ГЯЯ-ны сайд Сőсуке Уно нар анх удаа хоёр талдаа харилцан албан ёсны айлчлал хийсэн нь Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын удиртгал болж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Д.Содном 1990 оны гуравдугаар сард Японд, Японы  Ерөнхий сайд Тошики Кайфу 1991 оны наймдугаар сард Монголд харилцан анх удаа айлчилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг чанарын цоо шинэ түвшинд гарав.

1990 оны арваннэгдүгээр сарын 12-нд  БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэргий Ш.Цэвэлмаагийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд анх удаа оролцсон билээ.

1997 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд М.Энхсайхан тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчилсан нь хоёр орны харилцаанд түүхэн чухал үе шат болов. Японы Ерөнхий сайд Рютаро Хашимото Монголын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа: хоёр орны харилцааг эрх тэгш, харилцан ашигтай, иж бүрэн хөгжүүлэх цаг ирлээ. Бүх талыг хамарсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй байна. Дээд түвшний уулзалт хийж буйг Япон, Монголын иж бүрэн түншлэл эхэлсэн анхны өдөр гэж тооцъё. Япон Улс ардчилал, зах зээлийн хувьд Монголоос ах учир танайхыг чадлын хирээр дэмжиж туслах болно гэсэн байна. Айлчлалын төгсгөлд гаргасан хоёр Засгийн газрын Хамтарсан Мэдэгдэлд: хоёр орны харилцааг «иж бүрэн түншлэл»-ийн хэмжээнд хөгжүүлэхээр санал нэгтээ тохиролцов.

Ийнхүү Монгол Улсын «гуравдагч хөрш» Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа  цаашид амжилттай хөгжсөөр шинэ мянганы эринтэй золгов. Хэдийгээр Японы Засгийн газар бусад оронд үзүүлдэг хөгжлийн албан ёсны тусламжаа бууруулж байсан боловч Монголд Улсад үзүүлж буй тусламжаа өмнөх жилүүдийн түвшинд үргэлжлүүлэн олгосоор иржээ.

Нацагийн Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Япон Улсад 1998 оны тавдугаар сард төрийн айлчлал хийж, харилцааны зарчим, үндсийг Хамтарсан Мэдэгдэлд тунхагласан нь Монгол, Японы харилцааны түүхэнд дурсагдах үйл явдал болжээ. 1990-ээд оны эхэн үеэс Монгол, Японы харилцаа бүх салбарт идэвхтэй урагшлан хөгжиж буйд сэтгэл ханамжтай буйгаа, хоёр тал бүх түвшинд илэрхийлж, харилцааг цаашид XXI зуунд иж бүрэн түншлэлийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо нотлов.

Монгол Улсын Ерөнхий сайд 2001, 2006 онд, УИХ-ын дарга 2002, 2007 онд, Ерөнхийлөгч 2003 онд Японд айлчилж, тус улстай тогтоосон «Иж бүрэн түншлэл»-ийн харилцааг XXI зуунд өргөтгөн хөгжүүлэх чиглэлүүдийг тогтоох, Монгол Улсыг хоёр талын харилцааны хүрээнд болон олон улсын хэмжээнд дэмжин тусалж ирсэн Японы бодлого, үйл ажиллагааг бататгахад  чухал ач холбогдолтой байв.

1999 оны долоодугаар сард Япон Улсын Ерөнхий сайд Кейзи Обучи, 2006 оны есдүгээр сард  Ерөнхий сайд Жуничиро Койзуми нар Монгол Улсад тус тус айлчилсан нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болсон юм.

Япон Улсын хунтайж болон гүнж Акишино нар 2002 оны зургаадугаар сард Монгол Улсад айлчилсан нь Эзэн хааны гэр бүлийнхнээс Монгол оронд хийсэн анхны айлчлал болсон юм. Улмаар 2007 оны долоодугаар сард угсаа залгамжлагч ханхүү Нарухито Монгол Улсад  албан ёсоор айлчилсан байна.

2010 оны арваннэгдүгээр сард «Иж бүрэн түншлэл»-ийн харилцааг хөгжүүлж ирсэн хүчин чармайлт тодорхой үр дүнд хүрсэнд талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд «Иж бүрэн түншлэл»-ийн зарчимд тулгуурлан өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн харилцаанд түшиглэн «Стратегийн түншлэл» байгуулах шинэ зорилт дэвшүүлэн ажиллахаар талууд нэгдсэн байна. Монгол, Японы харилцааны шинэ үе болох «Стратегийн түншлэл»-ийг байгуулахад чиглэсэн алхам нь хоёр улсын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцааг улам батжуулан хөгжүүлэх төдийгүй Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад чухал арга хэмжээ болохыг талууд нотолсон байна. Талууд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэг төрөл "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах үйл явцыг урагшлуулах, үүнд хоёр талаас хүчин чармайлт гаргах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд, Япон Улсын Ерөнхий сайд Нода Ёшихико нар 2012 оны гуравдугаар сард Токио хотноо хэлэлцээ хийх үеэр Монгол, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэсний дагуу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалт 2012 оны зургаадугаар сард Улаанбаатарт болжээ. Япон улс ийм төрлийн хэлэлцээг 14 оронтой байгуулсан агаад Монгол Улсын хувьд анх удаа чөлөөт худалдааны үзэл санаатай хэлэлцээг эхлүүлсэн юм

2013 оны гуравдугаар сард Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг ардчилал, энх тайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.     2013 оны есдүгээр сард Токио хотноо «Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр: 2013-2017»-т гарын үсэг зурав. Энэ баримт бичигт Монгол-Японы харилцааны ойрын таван жилийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд харилцан тохиролцсон билээ.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байв.

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар Япон Улстай 3 жилийн хугацаанд 7 үе шатны хэлэлцээг хийж амжилттай дуусгаж,  “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” -т 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурж, 2016 оны зургаадугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Энэхүү хэлэлцээр нь барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 бүлэг, 10 хавсралт бүхий баримт бичиг юм.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-ийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-т 2017 оны  гуравдугаар сарын 29-ний өдөр Токио хотноо гарын үсэг зурав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ Дунд хугацааны хөтөлбөрт харилцан ашигтай  харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт  өргөжүүлэн хөгжүүлэх 5 жилийн зорилт, чиглэлүүд дэлгэрэнгүй тусгагдсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны арванхоёрдугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны хөгжилд чухал үе шат болов.

Айлчлалын гол онцлог нь 2017 оны гуравдугаар сард Токио хотноо гарын үсэг зурсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т эхний шатны явцын иж бүрэн үнэлгээ хийсэн явдал болсон байв. Ерөнхий сайд Абэ Шинзо  Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа Япон Улсад айлчилж буй У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Абэ Шинзо  Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч тус улсад гурван ч удаа айлчилсанд талархдагаа нотолсон юм.

Хоёр улсын Ерөнхий сайд нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Ер нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ингэж явцын үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх шаардлагатай. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, иргэд хоорондын солилцоо гэсэн чиглэлээр нэлээд нарийвчлан шинжилгээ хийжээ.  Үлдэж байгаа 3 жилд хийх ажлын тухайд хамгийн гол бүтээн байгуулалт нь нэгд, Улаанбаатар хотын  Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулах, хоёрт, Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал байв.

Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжих бол Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг Япон Улс дэмжиж байгаагаа нотлов.

Японы тал “Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт хамтын ажиллагааны шинэ формат болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн ахул Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчилалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэсэн юм.

Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг Япон анхнаас нь тууштай дэмжиж ирсэн юм.    Монгол Улсын «гуравдагч хөрш» Японы нэгэн туршлагыг тэмдэглэхэд: Дэлхийн II дайны сургамжийг үндэслэн  Японы Ерөнхий сайд Ейсаку Сато 1967 онд Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ цөмийн зэвсэггүй байх алдарт гурван зарчмаа зарлан тунхаглаж, энэхүү зарчмыг 1971 онд парламент нь тогтоолоор баталсан байдаг. Энэ нь нэгд, цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, хоёрт, байршуулахгүй, гуравт, дамжин өнгөрүүлэхгүй эдгээр байв. Мөнхүү цөмийн бодлогын 4 тулгуур зарчмыг мөн тунхагласан.  Үүнд: нэгд, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахыг дэмжих, хоёрт, дэлхий нийтийн хэмжээнд цөмийн зэвсгийг хураах үйлсэд тус дөхөм үзүүлэх, гуравт, АНУ-ын цөмийн зэвсгээр хазаарлах бодлогыг өргөжүүлэх, дөрөвт, цөмийн зэвсэггүй байх гурван зарчмыг хангах эдгээр байв. Тийнхүү аюулгүй байдлаа 1951 оны Сан-Франциско, 1960 оны Вашингтоны гэрээгээр АНУ-д шилжүүлж, эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж чадсан байна.

Монгол, Японы стратегийн түншлэл бол Зүүн хойд Азийн орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үлгэр жишээ загвар, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бодитоор хэрэгжиж буйн тод илрэл юм.

Япон нь 2017 оноос, Монгол Улс 2019 оноос өөр өөрийн ЭСЯ-нд харилцан цэргийн атташе томилон суулгах болсон нь цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.

2019 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухитог Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож, Эзэн хаанд бараалхав. Японд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд Эзэн хаан Акихитогийн “Хэйсэй” эриний он тоолол дуусч, 2019 оны тавдугаар сарын 1-нээс Нарухито Эзэн хааны оны чимэг “Рэйва” эриний оныг тоолж эхлэв. Японы Цог Жавхалант Эзэн хаан нь 1947 оны шинэ Үндсэн хуулиар “төр улсын болон ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” (象徴, shōchō) хэмээн тодорхойлсон. Энэ нь Япон Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд дараах байдлаар заасан байдаг:

1 дүгээр зүйлд: “Эзэн хаан нь Япон улсын бэлгэ тэмдэг бөгөөд Япон ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг мөн. Түүний энэ байр суурь нь тусгаар тогтнол эзэмшигч ард түмний нийт санаа бодолд үндэслэнэ” гэжээ.

2021 оны долоодугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн нээлтийн ёслол болов. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын үр дүнд жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох талбай, 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга, 8 мянган тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал, олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга ашиглалтад оров. Мөн бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд болон хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад бүрэн нийцсэн шинэ нисэх буудал баригджээ.

Япон улсын Засгийн газрын 7 тэрбум 985 сая иений (210 тэрбум төгрөг)  буцалтгүй тусламжаар  Монгол Улс түүхэндээ анх удаа АУИС-ийн сургалтын эмнэлэгтэй болсон  нь  Монгол хүн эх орондоо япон технологи, стандарт бүхий хөгжингүй орнуудын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэв. Олон улсын жишгээр Их сургуулийн эмнэлэг гэдэг нь  анагаах ухаан, эрүүл мэндийн сургалт, судалгаа, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг хослуулсан  цогцолбор бүхий Их сургуулийн харьяа байгууллага юм. Шинжлэх ухааны судалгаанд үндэслэн анагаах ухааны шинэ технологийг боловсруулж, нэвтрүүлж, анагаах ухааны нээлт, ололт амжилтад тулгуурласан өндөр технологийг ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлдэг тул Их сургуулийн эмнэлгүүд нь тухайн орны хамгийн шилдэг нь байдаг байна.

Их сургуулийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ явуулдгаараа хувийн хэвшлийн эмнэлгүүдээс ялгаатай.

Анагаах ухааны сургалтын эмнэлэг байгуулах төсөл нь Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн JICA-гийн эмнэлэгийн салбарын түүхэн дэх  томоохон төслүүдийн нэг болсон байна.

2022 оны арваннэгдүгээр сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон улсад Төрийн айлчлал хийж, айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийжээ. Дурдсан айлчлалаар хоёр улсын "Стратегийн харилцаа"-г шат ахиулж “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгож өргөжүүлэхээр шийдвэрлэж, 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031 он)-ийг байгуулсан нь хамтын ажиллагааны Замын Зураглал болж байна. Дурдсан Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд ойрын 10 жилийн хугацаанд хоёр тал 1. Улс төр, аюулгүй байдал 2. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа 3. “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо 4. Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар 2025 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар 2012 оноос хойш буюу 13 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог болсон байна.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тэрбээр мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад долоодугаар сарын 6-13-нд хийх төрийн айлчлал хоёрын харилцаанд чанарын шинэ үеийг эхлүүлэх нь дамжиггүй билээ.