Оросын газрын тосны дамжуулах дэд бүтцийн төрийн өмчит монополи компани Транснефтийн дэд ерөнхийлөгч Москвагийн ойролцоох Рублёвка дахь гэрийнхээ цонхоор унаж, амиа алдсаныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
62 настай Андрей Бадалов нас барсан тухай мэдээллийг Транснефть компанийн захиргаа баталсан ч үхлийн шалтгааныг тайлбарлаагүй байна.
Ямартай ч түүнийг Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас “хүнд хэцүү, дарамттай” нөхцөлд ажиллаж байсныг мэдэгдэлдээ дурджээ.
Бадаловын цогцос Баасан гарагт гэрийнх нь цонхны доороос олдсоныг ТАСС агентлаг хуулийн байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.
Үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар “амиа хорлолт” гэж үзэж байгааг дээрх эх сурвалж мэдээлжээ.
Бадалов нь 2021 оны долдугаар сард Транснефтийн дижитал шинэчлэлтийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож байсан юм.
Украины дайн эхэлснээс хойш Оросын эрчим хүчний салбарын гол удирдах албан тушаалтнууд дараалан учир битүүлэг шалтгаанаар нас барцгааж буйн сүүлийн тохиолдол энэ болж байна.
Зөвхөн 2022 онд төрийн өмчит Газпром компанийн дөрвөн өндөр албан тушаалтан нас барсан бол бусад нь Новатек, Лукоил компаниудын удирдах албан тушаалын хүмүүс байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!