Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлбэл Ираныг дахин бөмбөгдөхөө Трамп анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп алуулахаас аварсных нь төлөө талархал илэрхийлээгүй Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменийг шүүмжилж, хэрвээ тус улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлбэл дахин бөмбөгдөхийг анхааруулжээ.

Өмнөх өдөр нь Хамени мөргөлдөөнд Иран улс ялалт байгуулсан, АНУ-ын бөмбөгдөлт цөмийн хөтөлбөрт нь ямар нэг ноцтой хохирол учруулаагүй, Катар дахь АНУ-ын цэргийн баазад явуулсан довтолгоо нь “хүнд цохилт” болсныг телевизээр зарласан юм.

Энэ мэдэгдэл Трампыг бухимдуулсан бололтой.

“Би түүнийг яг хаана нуугдаж байгааг мэдэж байсан ч Израильд, эсвэл дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг зэвсэгт хүчин болох АНУ-ын армид түүнийг алахыг зөвшөөрөөгүй юм. Би түүнийг маш муухай, гутамшигтай үхлээс аварсан. Гэтэл тэр “БАЯРЛАЛАА, ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП” гэж хэлсэнгүй” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Трамп бас сүүлийн өдрүүдэд Тегераны дэглэмийг хориг арга хэмжээнээс чөлөөлөх боломжийг судалж байсан ч Хаменигийн мэдэгдлийн улмаас энэ санаагаа орхисныг мэдэгдсэн байна.

“Гэвч түүний уур хилэн, үзэн ядалт, зэвүүцэл дүүрэн мэдэгдлийн дараа би хориг арга хэмжээг цуцлах ажлаа шууд зогсоосон” гэж Трамп бичээд Ираныг хэлэлцээний ширээний ард суухыг уриалжээ.

Сүүлд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хэрвээ өнгөрсөн долоо хоногт явуулсан ажиллагаа нь Ираны цөмийн зэвсгийн амбицыг таслан зогсоож чадаагүй бол дахин бөмбөгдөх эсэхийг асуухад “Мэдээж. Ямар ч эргэлзээгүй” хэмээн хариулсан байна.

 

Эх сурвалж: AFP