Нуувчнаасаа ил гарсан Ираны дээд удирдагч АНУ-ын бөмбөгдөлт ямар ч үр дүнд хүрээгүйг мэдэгдэв
Мягмар гарагт Израиль улстай гал зогсоох тохиролцоонд хүрснээсээ хойш Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени өчигдөр анх удаагаа мэдэгдэл хийхдээ тус улсын цөмийн байгууламжуудыг чиглэсэн АНУ-ын бөмбөгдөлт ямар ч үр дүнд хүрээгүйг баталсан байна.
Тухайлбал уг ажиллагаа Тегераны цөмийн хөтөлбөрийг тасалдуулах зорилгодоо хүрээгүй, харин Катар дахь АНУ-ын цэргийн баазад довтолсон Ираны ажиллагаа “хүнд цохилт” болсныг тэр мэдэгджээ.
Тэгвэл өчигдөр АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт уг ажиллагаа нь Ираны цөмийн хөтөлбөрт “ихээхэн хохирол учруулж, үйл явцыг олон жилээр ухраасан” болохыг тус улсын болон Израилийн тагнуулын албадын цуглуулсан мэдээлэл баталж буйг хэлсэн байна.
Тэрбээр Ираны уран баяжуулах байгууламжийг ажиллагаагүй болгосныг “түүхэн амжилт” гэж магтжээ.
Хэгсэт бас Ираны тал Фордоу дахь нууц байгууламжаасаа баяжуулсан ураныг өөр газарт нүүлгэн шилжүүлсэн гэх ямар ч шинж тэмдэг, баримт АНУ-ын тагнуулын байгууллагуудад олдоогүйг энэ үеэр хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл АНУ-ын бөмбөгдөлт газрын гүнд байрладаг энэхүү байгууламжийг “булшилсан” гэнэ.
Харин зургаадугаар сарын 13-нд Израилийн агаарын цохилт эхэлснээс хойш нууц байдалд байсан Хамени өчигдөр өглөө телевизээр анх удаа үг хэлэхдээ Пентагоны тэргүүний ярьсныг няцаасан юм.
Өнгөрсөн хугацаанд тэр Ираны хаа нэгтээ бункерт нуугдаж, гадаад ертөнцтэй зөвхөн итгэлт хүмүүсээрээ дамжуулан харилцаж байсан гэдэг.
Хэрвээ Иран улс дахин халдлагад өртвөл Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад дахин довтлохоор сүрдүүлсэн Хамени энэ мөргөлдөөнд Израиль, АНУ хоёрыг зэрэг ялснаа зарлажээ.
Бөмбөгдөлтийн үр дүнгийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ярьсныг тэр “дэгсдүүлсэн” гэж мэдэгдээд “тэд юу ч олж долоогоогүй, зорилгодоо ч хүрээгүй” гэж хэлсэн байна.
Харин Катар дахь АНУ-ын цэргийн баазад явуулсан Ираны агаарын довтолгоо гайхалтай үр дүнтэй байсныг магтаад “Энэ үйл явдал цаашдаа ч давтагдах болно. Хэрвээ манайд дахин халдвал дайсан болон түрэмгийлэгч талын амсах хохирол маш өндөр байх нь дамжиггүй” гэжээ.
Трамп уг халдлагаас ямар ч хохирол амсаагүй бөгөөд Ираны талаас харвасан цөөхөн пуужинг бүгдийг устгасан тухай өмнө нь мэдэгдэж байв.
Тегераны эрх баригчид олон жилийн турш өөрийн цөмийн хөтөлбөрийг цэвэр иргэний зориулалттай, зэвсэг бүтээх зорилгогүйг баталж байсан.
Гэхдээ Израилийн довтолгоо эхлэхийн өмнөхөн олон улсын цөмийн эрчим хүчний хяналтын байгууллага Ираны уран баяжуулалт цөмийн зэвсэг бүтээх түвшинд хүрснийг зарлаж байв.
Өчигдөр Ираны парламент Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоох хуулийн төслийг баталсан байна.
Ингэснээр цаашдаа тус улсын цөмийн судалгааны байгууламжуудад олон улсын шинжээчид нэвтрэх боломжгүй болж байгаа юм.
Трампын нэрлэсэнчлэн “12 өдрийн дайн”-ы үеэр нийт 610 хүний амь үрэгдсэнийг Ираны эрүүл мэндийн яам зарласан бол Израилийн эрх баригчид 28 иргэнээ алдсаныг мэдээлж байна.
Өнгөрсөн Ням гарагт АНУ энэ мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохдоо Ираны цөмийн гол гурван байгууламж болох Фордоу, Натанз, Исфаханыг бөмбөгдсөн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
