Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өчигдөр /2025.05.22/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилсэн.
Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа.
Хатагтай Абэ Акиэ, “Бид эмэгтэйчүүд” сэдэвт, орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн.
Энэхүү чуулганыг санаачлан зохион байгуулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа болон халуун дотноор угтан авсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлэв.
Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. 2013, 2015 онуудад миний бие ч мөн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол улсад дахин ирэх боломж олдлоо хэмээсэн.
Түүнчлэн өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна гээд, олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцсан юм. 2014 онд Японы Засгийн газраас Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болсон байна.
Хатагтай Абэ Акиэ, Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд зөвхөн өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтран ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд бид “салхины эрин” дээ хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна.
Үнэт зүйлс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна гэлээ.
“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх нь” салбар хуралдаан “Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр өрнөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан чиглүүлсэн юм.
УИХ-ын гишүүн П.Батчимэг, Эмэгтэйчүүдийн “хөлсгүй” хөдөлмөр эрхлэлтийн асуудал, эмэгтэйчүүдийн орлого, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байгаа асуудлын талаар танилцуулсан.
Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оновчтой үйл ажиллагаануудыг санаачилж, холбогдох таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дорвитой өөрчлөлт хийхгүй шаардлагатайг тодотгосон.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны төвшнөөрөө тэргүүлж эхэлсэн. Иймд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд маань манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.
Мөн Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|