Испанийн "Реал Мадрид" клубийн ахлагч Лука Модрич энэ зун болох клубийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий дараа багаа орхино гэдгээ мэдэгдлээ.
Өдгөө 39 настай хорват хагас хамгаалагч, 2018 оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон д'Орын эзэн Л.Модрич энэ Бямба гарагт Ла Лигийн хүрээнд сүүлийн тоглолтоо "Реал Сосьядад"-ын эсрэг хийхээр төлөвлөжээ.
Тэрбээр 2012 онд Английн "Тоттенхэм" клубээс Испанийн Эзэн хааны багийн тоглогч болсон юм.
Энэ зун болох клубийн ДАШТ-д Испанийн клуб хэсгийн шатанд Саудын Арабын "Аль Хилаль", Мексикийн "Пачука", Австрийн "Зальцбург" багтай нэг хэсэгт орсон билээ.
Л.Модричийн хувьд энэ улиралд 34 тоглолтод оролцохдоо 2 гоол, 6 дамжуулалт гүйцэтгэжээ. Тэрбээр өнгөрсөн жил гэрээгээ нэг жилээр сунгасан нь энэ зун дуусаж буй.
Хорват эр "Реал Мадрид"-ын төлөө 590 тоглолтод оролцохдоо 43 гоол, 95 дамжуулалт хийсэн юм. 13 улирлын эцэст 28 цом авсныг нь онцолбол Аваргуудын лигийн цомыг 6, Клубийн ДАШТ-д 6, Европын Супер цомд 5, Испанийн Ла Лигт 4, Испанийн цомд 2, Испанийн Супер цомд 5 түрүүлсэн байна.
2018 онд "Реал Мадрид" багийнхаа хамт Аваргуудын лигт түрүүлсний дараа Хорватын шигшээ багаа ДАШТ-ий шигшээд шалгаруулсан амжилтыг нь үнэлж оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсан.
Түүнчлэн 39 нас, 116 хоногтойдоо "Валенсиа"-гийн хаалгыг мялааснаар Испанийн клубийн түүхэнд хамгийн ахмад насандаа гоолдсон тоглогч болж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|