Өнгөрсөн онд Варшав хотын томоохон худалдааны төвд гарсан гал түймэрт Оросын тагнуулын албыг буруутгаж байгаагаа Польшийн эрх баригчид Ням гарагт зарлажээ.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Киевийн засгийн газрыг тууштай дэмжиж байгаа Польш улсад төрөл бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа гарах болсон юм.
2024 оны тавдугаар сард 1,400 орчим жижиг бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв гал түймэрт бүрэн шатаж байв.
Энд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн ихэнх нь Вьетнамын иргэд байжээ.
Түймрийн шалтгааныг мөрдөн шалгах ажил даруй эхэлсэн ч өчигдрийг хүртэл хэн нэгнийг буруутгаагүй байв.
“Варшав хотын Марывильска худалдааны төвд гарсан томоохон гал түймрийг Оросын тусгай албаны захиалгаар тавьсныг бид баттай мэдэж авлаа” гэж Польшийн ерөнхий сайд Дональд Туск өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.
Польшийн хууль зүйн болон дотоод хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд гэм буруутай этгээдүүдийн заримыг баривчилсан, заримыг эрэн сурвалжилж байгааг мэдээлсэн байна.
“Тэдний үйлдлийг ОХУ-д оршин суудаг тодорхой хувь хүн зохион байгуулж, удирдсаныг тогтоосон. Мөн тэдний зарим нь өөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсоныг Литва улсын талтай хамтран шалгаж тогтоолоо” гэж хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Москвагийн зүгээс явуулж буй “гибрид дайн” идэвхэжсэнтэй холбогдуулан Польшийн эрх баригчид 2024 оны тавдугаар сард тус улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын дипломат ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байв.
Үүнээс хойш таван сарын дараа Польшийн баруун бүсийн Познань хот дахь ОХУ-ын консулын газрыг хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан үндэслэлээр хааж байжээ.
Арванхоёрдугаар сард Польшийн эрх баригчид хэрвээ хорлон сүйтгэх үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байвал ОХУ-ын бүх консулын газрыг хаахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв.
Украинтай хил залгадаг, НАТО болон Европын Холбооны гишүүн Польш нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Өрнөдийн холбоотнуудын үзүүлж буй тусламж дэмжлэгийг дамжуулан өнгөрүүлдэг гол улс юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!