Өчигдөр буюу Лхагва гарагт дэлхийн олон орноос Ватиканд хүрэлцэн ирсэн кардиналууд шинэ папыг сонгох хаалттай чуулганаа эхлүүлсэн юм.
Тэдний чуулж байгаа Сикстиний сүмийн яндангаас өчигдөр орой хар утаа гарсан нь кардиналууд санал нэгдэж чадаагүйг илэрхийлсэн утгатай байлаа.
Гэгээн Петрийн талбайд олон мянган сүсэгтэн цугларч, сүмийн дээвэр дээрх нарийхан яндангаас ямар өнгийн утаа гарахыг хүлээж байсан юм.
Хэрвээ яндангаас цагаан өнгөтэй утаа гарвал Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүн тодорсныг батлан харуулдаг уламжлалтай.
Чуулган эхэлснээс хойш гурван цаг гаруй хугацааны дараа яндангаас утаа гарсан нь 2013 онд пап Францисийг сонгосон чуулганы эхний өдрийн санал хураалттай харьцуулахад энэ удаа нэг цагаар илүү сунжирсныг харуулжээ.
Гэхдээ орчин үеийн түүхэнд эхний өдрийн санал хураалтаар пап тодорч байсан тохиолдол байхгүй тул өчигдрийн үр дүн гайхах зүйл биш юм.
Пүрэв, Баасан гарагуудын аль нэгэнд шинэ папын нэр тодрохоор болж байна.
Папыг сонгох чуулган гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хаалттай орчинд зохион байгуулагддаг. Тэдний гадаад ертөнцтэй харилцах цорын ганц арга нь Сикстиний сүмийн яндангийн утаа юм. Чуулганд оролцож буй 80 хүртэл настай 133 кардиналын гуравны хоёр буюу 89 нь нэг нэр дэвшигч дээр санал нэгдвэл шинэ пап тодорно.
Орчин үед шинэ папыг сонгох үйл явц олон хоног үргэлжлэхээ больсон.
2013 болон 2005 онуудын өмнөх чуулганууд хоёр өдөр л үргэлжилж байжээ.
Талийгаач пап Францис католик шашны шинэчлэлийг дэмжигч байсан тул шинэ папын сонгуулийн үр дүнг түүний үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэй болон хуучинсаг хэсгийн хоорондын өрсөлдөөн шийдвэрлэх бололтой.
2013 оны чуулганд дэлхийн 48 улсын 115 кардинал оролцож байсан бол энэ удаа 70 улсын 133 кардинал оролцож байна.
Энэ нь пап Францис агсны засаглалын 12 жилийн хугацаанд католик сүм хийдийн үйл ажиллагаа дэлхий дахинд тэлснийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!