Эмийн үйлдвэрийн буурины 3,150 га газрыг дуудлагаар худалдах анхны үнэ 443 сая төгрөг байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дашчойлин хийдийн хойд талд байрших хуучнаар Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилгыг нийслэл өмчдөө буцаан авч, өнгөрсөн сард нураасан. Уг буурин дээр үйлчилгээтэй орон сууц барих 3,150 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус байршлын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна.

Газрыг дуудлагаар худалдах анхны үнэ 443,520,000 төгрөг бол дэнчингийн үнэ 44,352,000 төгрөг.

Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдаа явагдсан өдрөөс хойш долоо хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулах аж.

Газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах талаар НГЗБА-ны Газрын бирж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Намхай "Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хааж, дуудлага худалдаа эхлэх цаг болмогц лацыг шалган оролцогчдын өмнө задлах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бичиг баримтын үнэн зөв эсэх болон дэнчин төлсөн байдлыг шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялган тавьж бүртгэнэ.

Бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа мэдээлэл илэрсэн, эсхүл тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт биш тохиолдолд холбогдох этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахгүй" гэв.

Иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2025 оны тавдугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд болон дуудлага худалдаа явагдах тавдугаар сарын 21-ний өдрийн 09:30 минут хүртэл тусгайлан бэлтгэн битүүмжилсэн лацтай бүртгэлийн хайрцагт хийж бүртгүүлнэ.

ГЗБТ-ний дугаар

Газрын биржийн зарын код

Дүүрэг

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1 2.3.66

#2025-00013

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж

Үйлчилгээтэй орон сууц

3,150

443,520,000

44,352,000

НИЙТ ДҮН

3,150

443,520,000

44,352,000

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим сайтаас авах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг