Украины байгалийн баялгийг хамтран олборлох, орлогоор нь тус улсын дайны дараах сэргээн босголтыг санхүүжүүлэх гэрээг Вашингтон, Киевийн эрх баригчид Лхагва гарагт байгуулсан.
Талууд гэрээнд тусгасан гол заалтуудыг тус тусдаа зарласан юм.
Эдгээрийг нэгтгэн дүгнээд гол долоон үр дүнг нь жагсааж байна.
Украины тал АНУ-д өргүй
Трампын засаг захиргаа эхэндээ АНУ-аас тус улсад үзүүлсэн тусламжийн олон зуун тэрбумыг буцааж төлөхийг Украинаас шаардаж байсан. Украины ерөнхийлөгч Зеленский үүнийг хүлээж аваагүй.
Гэрээг хэлэлцэх явцад Вашингтон энэ шаардлагаасаа татгалзаж, Украиныг ямар нэг өр төлбөрт унагаагүй нь тодорхой болж байна.
Өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үед Украинд үзүүлсэн тусламжаас “онолын хувьд” хавьгүй илүү их мөнгө олох боломжтой гэрээ байгуулагдсаныг Трамп сайрхан ярьснаас энэ харагдаж байгаа юм.
АНУ-ын зүгээс Путинд илүү хатуу хандах болов
Гэрээ байгуулагдсаныг зарлахдаа Вашингтон өмнөхөөсөө илүү хатуу үг хэллэгийг Оросын эсрэг ашигласан нь анхаарал татаж байна.
Тухайлбал гэрээнд “Оросын эзлэн түрэмгийлэл” гэх нэр томъёог ашигласнаас гадна АНУ-ын сангийн сайд “Оросын дайны машиныг санхүүжүүлсэн ямар ч улс орон, хувь хүнд Украины сэргээн босголтын үр шимийг хүртэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм.
Тиймээс байгуулагдсан гэрээ нь энхийн яриа хэлэлцээний үеэр Оросын талд дарамт шахалт үзүүлэх нэг хүчин зүйл болж магадгүй байна.
Газрын тос, байгалийн хий гэрээнд нэмж тусгагдсан
Гэрээнд газрын ховор элементээс гадна газрын тос, байгалийн хий болон бусад нөөцийг хамтран ашиглах нөхцөл багтжээ.
Аль ч тохиолдолд Украины эзэмшилд бүх нөөц үлдэх юм байна.
Гэрээний анхны саналд газрын тос, байгалийн хий байгаагүй тул энэ нь Украины талаас АНУ-д өгсөн нэмэлт амлалт байж магадгүй юм.
Дайн дуусвал энэ гэрээнээс илүү их ашиг хүртэх боломжтойг Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгдэж байв.
Европын Холбоонд элсэх Украины хүсэлд саад болохгүй
Украин улс Европын Холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээ өнгөрсөн оны зургаадугаар сард албан ёсоор эхэлсэн юм.
Киев, Брюсселийн түншлэлд түүхий эдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул АНУ-тай байгуулах гэрээ нь үүнд саад учруулж болзошгүй гэх болгоомжлол үүсээд байв.
Тэгвэл байгуулагдсан гэрээнд Украин улсын Европын Холбоонд элсэх хүсэл эрмэлзлийг АНУ хүлээн зөвшөөрч, саад учруулахгүй байх нөхцөл тусгагджээ.
Түүнчлэн Европын Холбоонд элсэхтэй холбоотой “нэмэлт үүрэг”-ийн улмаас гэрээний нөхцөлийг эргэн харах шаардлага гарвал АНУ үүнийг нь зөвшөөрөх тухай дурдсан байна.
Бас Европын Холбоо болон бусад улс орнуудаас Украинд нэмэлт хөрөнгө оруулах, технологи дамжуулахыг АНУ дэмжих тухай гэрээнд заажээ.
АНУ-ын зэр зэвсгийн тусламж сэргэх боломж
Украин улс тусламжаа үргэлжлүүлэн авах зайлшгүй нөхцөл нь энэ гэрээнд гарын үсэг зурах шаардлага болох заалтыг АНУ-ын тал санаачилжээ.
Гэрээнд гарын үсэг зурахаар Вашингтонд очсон Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденко ойрын үед АНУ тус улсад зэр зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр болсныг зарласан юм.
Энэ нь Цагаан ордонд буцаж ирсэн цагаасаа хойш Украины тусламжийг зогсоохыг эрмэлзэж байсан Трампын бодол өөрчлөгдсөнийг харуулж байна.
Гэхдээ АНУ хүссэн үедээ гэрээнээс гарах боломжтой
АНУ-ын тусламж дэмжлэг Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд нэн чухал байгаа.
Байдены засаг захиргааны үед өгч байсан аюулгүй байдлын баталгааг Трамп үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна.
Ямартай ч Украины тал Трампын сонирхлыг эдийн засгийн хөшүүргээр өөртөө татаж чадлаа. Гэхдээ энэ нь эдийн засгийн үр ашгаас хамааралтай тул АНУ-ын өмнөх засаг захиргааны амлалтаас хэврэг байх эрсдэлтэй юм.
Хамтын ажиллагаанаас олсон ашгийг Украинд буцааж зарцуулах
Гэрээний нэг чухал нөхцөл нь ашигт малтмалын хамтын ажиллагаанаас олсон орлогыг эхний арван жилийн хугацаанд Украины сэргээн босголтод бүрэн зарцуулах болохыг Киевийн эрх баригчид мэдээлсэн юм.
Арван жилийн дараа талууд ашгаа хувааж эхлэх бололтой.
Гэхдээ Вашингтон энэ талаар ам нээхгүй байгаа.
Тэргүүн шадар сайд Юлия Свириденко энэ нөхцөлийг “цаашид хэлэлцэх болно” гэж сошиал хуудсаараа мэдээлснээс үзвэл гэрээнд нэмэлтээр тусгаж магадгүй юм.
Цагаан ордны тамгын газрын дэд дарга Стивен Миллер энэхүү гэрээ нь “манай татвар төлөгчдийн дайнд зарцуулсан олон зуун тэрбум долларын нөхөн төлбөр юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
161 СЭТГЭГДЭЛТЭЙ
|