"Ерөнхий сайд тавдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын чуулганы үеэр өөрийн амаар уучлалт гуйх ёстой"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чуулганы нэгдсэн танхимд ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйхыг тус намын бүлгээс шаардаж, дараах мэдээллийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өнгөрсөн Баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-нд УИХ дээр "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэх нэртэй суртал ухуулгын цаг болсон. 

УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна эмгэнэлтэй нь УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгож хувиргасан. Энэ үйлдэлдээ уучлалт гуйх ёстой.

Эмэгтэй хүнтэй, УИХ-ын гишүүнтэй ийм доромж байдлаар харьцаж ерөөсөө болохгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хоёуланд нь хаяглаж шаардаж байна. 

Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйх ажлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцаж хийх ёстой.

УИХ-ын даргын гол чиг үүрэг нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, УИХ-ыг УИХ шиг байлгах ажлыг хариуцаж буй cпикер" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын Ерөнхий сайд ард түмэн, УИХ болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой.

Хэрвээ тавдугаар сарын 1-н хүртэл уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бүх асуудлаас завсарлага авах болно. 

АН-ын бүлэг тавдугаар сарын 1-нд хуралдаж, цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой санал дүгнэлт, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэдэг бүлгийн гишүүдийн шийдвэр гарсныг та бүхэнд дуулгая.

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг өнөөдөр Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-аас томилогддог албан тушаалтан.

Томилогддог албан тушаалтан УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж, даажигнаж сууж байгаа нь хэлбэрийн асуудал ерөөсөө биш.

Ерөнхий сайд өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой" гэв.