Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асныг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын прокурорууд өчигдөр тус улсын ерөнхийлөгч асан Мүүн Жэ Инийг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгаж байгаагаа зарлажээ.

Түүнийг салбарын туршлага мэдлэг багатай өөрийн хүргэн асныг агаарын тээврийн компанид ажилд оруулж, хариуд нь тус компанийн гүйцэтгэх захиралд төрийн өмчийн нэгэн санг хариуцуулахаар томилсон гэж буруутгасан байна.

Мүүн Жэ Ин нь 2017-2022 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Умард Солонгостой харилцаагаа сайжруулах хүчин чармайлт гаргаж байсан юм.

Ингэснээр тэр улс төрийн замнал нь гэмт хэрэг, элдэв дуулианд холбогдож, шоронд орох, алагдах, амиа хорлох зэргээр дуусдаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын жишгийг давтаж байна.

Мүүн Жэ Инийг залгамжилсан Юн Сүк Ёл одоо албан тушаалаасаа огцорч, хууль бус арга замаар цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Мүүн Жэ Инээс гадна парламентын гишүүн асан И Сан Жикийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ прокурорууд өчигдөр бас зарлажээ.

Тэрбээр Easter Jet авиа компанийн үүсгэн байгуулагч юм. 2018 онд тэр Мүүн Жэ Иний хүргэнийг өөрийн салбар Thai Easter Jet

охин компанийн гүйцэтгэх захирлаар томилсныхоо дараа Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнесийг дэмжих сангийн тэргүүнээр томилогдож байжээ.

2018-2020 оны хооронд И Сан Жик тус сангаас 217 сая воны ($150,000) цалин хангамж авсныг Мүүн Жэ Иний түүнд өгсөн хээл хахууль гэж прокурорууд үзэж байгаа юм байна.

Со гэх нэрээр хэрэгт тэмдэглэгдсэн Мүүн Жэ Иний хүргэн асан агаарын тээврийн салбарын ямар ч мэдлэг, туршлагагүй нэгэн байжээ.

Түүнийг ажлын байраа удаан хугацаагаар орхин явж, албан тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байсныг хэрэгт тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгтэй холбогдуулан хуулийнхан Мүүн Жэ Иний охины гэрт нэгжлэг явуулж байжээ.

Мүүний харьяалагддаг Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, үүнийг “ерөнхийлөгч асны нэр хүндийг унагах зорилготой улс төрийн явуулга” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC