Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг болох “United Airlines” Монгол Улс руу үйлдсэн анхны нислэг тавдугаар сарын 1-ний өдөр боллоо. Монголын хөрсөн дээр анх удаа газардаж буй “United Airlines” компанийн агаарын хөлгийг усан хөшгөөр эх орондоо угтан авч анхны зорчигчдыг морин хуурын ая, алд цэнхэр хадгаар тосон авсан түүхэн үйл явдал болж өнгөрөв.
Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл үйлдэгдэх энэхүү улирлын шинжтэй нислэг нь шууд нислэг биш харин АНУ-ын таван том төв буудал болох Сан Франциско, Лос Анжелес, Хьюстон, Нью-Йорк, Денверээс Токиогоор дамжин Монгол Улсын нийслэлд хүрэх боломжийг аялагчдад олгож байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 5-р сараас 10-р сар хүртэл долоо хоногт гурван удаа үйлдэнэ.
ТОКИО/НАРИТА-УЛААНБААТАР: Токио/Наритагаас орон нутгийн цагаар 16:30 цагт хөөрч, Улаанбаатарт 20:55 цагт бууна.
УЛААНБААТАР-ТОКИО/НАРИТА: Өглөөний 09:55 цагт Улаанбаатараас хөөрч, Токио/Наритад 15:45 цагт газардана.
ОНГОЦ: Нислэгийг Boeing 737-800 агаарын хөлгөөр гүйцэтгэх ба нийт 166 суудалтай, үүнээс 16 нь бизнес ангилал юм.
2024 онд Монгол Улс 700,000 гаруй жуулчин хүлээн авсан нь 2023 оноос 22%-аар өссөн үзүүлэлт бөгөөд Ази тивийн хамгийн их эрэлттэй, сонирхолтой аялал жуулчлалын чиглэлүүдийн нэгээр нэрлэгдэж буй энэ үед тус нислэг үйлдэгдэж эхэлж байна. Монгол орны онгон байгаль, сүрлэг тогтоц зэрэг нь адал явдалд дурлагч аялагчдыг татах үндэс нь болдог билээ. Монголыг зорих жуулчдын ихэнх нь Европ, БНСУ болон Японоос ирж байгаа бөгөөд United Airlines-ийн Токио/Нарита чиглэлийн шинэ нислэг нь энэ эрэлт хэрэгцээнд нийцсэн хялбар арга зам болж байгаагаараа онцлог юм.
United airlines компанийн Олон Улсын Нислэг Төлөвлөлт болон Холбоо хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Патрик Куэйл:
Энэ оноос бид Ази, Номхон далайн бүсэд нийт 32 шинэ нислэг үйлдэж эхэлж байна. Тэдгээрийн нэг нь Улаанбаатарын нислэг юм. Энэхүү нислэг нь Хойд Америкийг Наритагийн нисэх онгоцны буудлаар Улаанбаатартай холбож, зорчигчдод аялах маршрутыг нь хөнгөвчлөн шинэ гарц нээж өгч байгаагаараа онцлог билээ.
АНУ, Монгол, Японы Засгийн газарт энэхүү нислэгийг биеллээ олоход нь дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлж байна.
Энэ нислэг Монгол Улсын эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Шинэ маршрут нээгдэж байгаа учраас аялал жуулчлал хөгжиж зочид буудал болон аялал жуулчлалын компаниудад олон эерэг үр дүнг авчрах юм. Мөн бизнесийн түншлэл хийхэд тус болж шинэ ажлын байрууд бий болно. Түүнчлэн Вашингтоноос нисэх учраас манай хоёр орны Засгийн газрын айлчлалууд илүү үр дүнтэй болж, харилцаа холбоо тогтооход хялбар болж байгаа юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган:
United Airlines-ийн Монгол руу үйлдэж байгаа хамгийн эхний түүхэн нислэгийг хийсэн багт АНУ-ын Засгийн газар болон АНУ-ын Элчин сайдын яамны өмнөөс баяр хүргэж байна.
Энэ нислэг нь хоёр орны хүмүүсийн харилцаа, бие биедээ харилцан зочлох, эдийн засаг зэрэгт маш олон боломжуудыг нээж өгч байгаагаараа онцлог юм.
Энэ нислэгийг бодит болгоход хамтарч ажилласан бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна.
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр:
2023 оны наймдугаар сард Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан айлчлалынхаа үр дүнд АНУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн.
Тус гэрээний үр дүнд дэлхийн хамгийн том авиа компани Токиогоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэхээр болж байна.
Далайд гарцгүй манай улсын хувьд агаарын замаар гуравдагч хөршүүдтэй холбогдох нь нэн чухал ач холбогдолтой юм. Монголын залуучуудад АНУ болон дэлхийн бусад улс оронтой холбогдох, АНУ-ын бизнесийн байгууллагуудтай харилцах өргөн боломж нээгдэж байна.
Цаашид МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэлээ хангаж байгаа. Тодорхой шалгуур, цаг хугацаа орохоор байна. Удахгүй нислэгээ үйлдэж эхэлнэ гэж найдаж байна.
Токиогоор дамжин АНУ-ын том хотууд руу шууд нисэж байгаа нь үнэ, ачаа тээврийн хувьд шинэ боломжийг нээж байгаа юм. Түүнчлэн тусгай хөтөлбөр, нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой болж байна. Манай улсын иргэд боломжийн хямд үнээр АНУ-ын олон хотууд руу Токиогоор дамжин нисэх боломж нээгдлээ.
Хоёр улсын элчин сайд нар энэ түүхэн үйл явдалд хамт байгаа нь том хүндэтгэл болж хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж байгаагийн илэрхийлэл болж байна гэдгийг United airlines компанийн Олон Улсын Нислэг Төлөвлөлт болон Холбоо хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Патрик Куэйл онцолсон юм.
Манай улс руу дотоодын таван агаарын тээвэрлэгчээс гадна "Turkish airlines", "Korean Air", "Asiana Airlines", "Air China" тэргүүтэй гаднын 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд "United Airlines" компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байгаа юм.
Эхний нислэгээр Монголд ирээд буй зорчигч:
Миний хувьд Монголд анх удаа ирж байна. Энд ирэхдээ United Airlines-ийн эхний нислэгээр зорчсон нь маш гүн сэтгэгдэл төрүүллээ. Нэг ёсондоо энэ бол давхар онцлууштай үйл явдал болж байна. Онцолж дурдмаар байгаа хэд хэдэн зүйл байна. Үүнд үйлчилгээ, хоол, тав тухтай, нам гүм байсныг дурдаж болох юм. Би Улаанбаатар хотод зөвхөн ажил хэргийн зорилгоор ирээгүй ажил, аялал аль алиныг нь хийхээр дөрвөн хоногийн хугацаагаар ирсэн.
Монголын ноолууран бүтээгдэхүүн бол миний гэр бүл, найзууддаа авч өгөх хамгийн сайхан сонголт байх болно. Тиймээс ч мөнгөө харамгүй зарцуулах бодолтой байгаа шүү.
Зорчигч:
Монголын нийслэл Улаанбаатар хотод United Airlines-ийн анхны нислэгээр ирсэн нь сайхан үйл явдал байлаа. Нислэгийн туршид найрсаг үйлчилгээг үзүүллээ. Бас хоол нь сайхан амттай байлаа. Монголоос юу худалдаж авахаа төлөвлөж байгаад шийднэ дээ. Үндэсний парктай танилцана. Морь унаж, ууланд гарах талаар ч бодож байна.
United Airlines дэлхийд хамгийн том нислэгийн сүлжээтэй компани бөгөөд Хойд Америкаас олон улсад чиглэсэн хамгийн өргөн хүрээтэй нислэг үйлддэг. Компанийн өдөр бүр гүйцэтгэдэг 500 орчим нислэг нь 150 олон улсын чиглэлийг хамарч, дэлхийн өнцөг булан бүрд аялагчдыг холбож байна. Хойд Америк дахь хамгийн өргөн хүрээтэй олон улсын сүлжээг бий болгож, суудлын зайн хэмжээгээр тооцвол дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болжээ.