Ирэх долоо хоногт Москва хотод тохиох Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинийг оролцуулаад дэлхийн 20 орчим улсын төрийн тэргүүн оролцохоор болоод байгаа гэсэн мэдээлэл бий.
Баасан гарагт Киев хотод гадаадын хэсэг сэтгүүлчидтэй уулзахдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тэдний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээ анхааруулжээ.
Зарим улс орнууд удирдагчийнхаа аюулгүй байдлыг хангуулах асуудлаар Киевийн эрх баригчдад хандаж эхэлсэн гэнэ.
“Тавдугаар сарын 9-нд Москвад хүрэлцэн очих бүх улс орнуудад хэлэх манай байр суурь маш энгийн. Бид ОХУ-ын нутаг дэвсгэрт болох үйл явдалд хариуцлага хүлээж чадахгүй. Та бүгдийн аюулгүй байдлыг тэд хариуцна. Оросын тал өөрсдөө гал түймэр, дэлбэрэлт зэргийг зориуд зохион байгуулаад бурууг нь бидэнд тохож магадгүй” гэж Зеленский хэлжээ.
Оросын эрх баригчид тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд гурван өдөр Украины фронт дээр гал зогсоох шийдвэр гаргаж, ижил арга хэмжээ авахыг Киевийн эрх баригчдад уриалаад байгаа.
Харин Зеленский үүнийг нь хүлээж аваагүй юм.
“Тавдугаар сарын 9-ний өдөр Путинийг тусгаарлалтаасаа ил гарахад нь таатай уур амьсгал бүрдүүлэх зорилготой тоглоомд Украин улс оролцохгүй” гэж тэр мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл Оросын санаачилсан гал зогсоолтыг тэр энх тайван тогтоох үйл явцын нэг хэсэг биш, зөвхөн Ялалтын баяраа тайван өнгөрүүлэх гэсэн арга хэмжээ гэж үзэж байгаа юм байна.
Харин Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков гал зогсоох санаачилгаа “урт хугацааны энх тайван тогтоох Киевийн хүсэл эрмэлзлийг шалгах зорилготой” гэж тайлбарласан юм.
Дөрөвдүгээр сард Украин, АНУ-ын талууд урьдчилсан болзол нөхцөлгүйгээр 30 хоног гал зогсоох санал гаргасныг Оросын тал хүлээж аваагүй.
Өнгөрсөн Бямба гарагт Ромын папын оршуулгын ёслолын үеэр Трамп, Зеленский нар Ватиканд уулзсан.
Энэ талаар Зеленский “Бидний хооронд өмнө нь хэзээ ч болж байгаагүй хамгийн сайхан яриа байлаа. Ватикан дахь бидний уулзалтын дараа ерөнхийлөгч Трамп юмсыг арай өөрөөр харж эхэлсэн гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
196 СЭТГЭГДЭЛТЭЙ
|