Түймрийн нөхцөл байдал ба ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах байдлаар танилцууллаа.
Ойрын өдрүүдэд хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байгаа бол түймэр дэгдэж байгаа бүс нутаг буюу Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хуурайшилт хэвээр үргэлжлэхийг онцгойлон анхааруулав.
Түүнчлэн "Үүл байхгүй учир цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах боломжгүй. Хоосон цэлмэг тэнгэрээс хур тунадас оруулах техник, технологийн ямар ч бололцоогүйг ойлгоорой.
Түймрийн голомтот дээрх нутгаар ойрын хоногуудад зориудаар нөлөөлөх хэмжээний услагтай үүл өнгөрөхөөргүй байгаа" гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал сануулж байв.
Үргэлжлүүлэн цаг агаарын нөхцөл байдлын талаар "Энэ оны нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай байлаа.
Ялангуяа хоёрдугаар сард олон жилийн дунджийн дөнгөж 20-30 хувьтай тэнцэхүйц хэмжээний хур тунадас орсон. Тиймээс гуравдугаар сарын эхээс ой, хээрийн түймрийн дэгдэлт эрчимжсэн.
Ихэнх нутгаар маш их хуурайшилттай байгааг гуравдугаар сарын мэдээллээс харсан байх.
Тавдугаар сарын 1, 2-ноос эхлээд баруун аймгуудын нутгаар бороо хур харьцангуй орж эхэлж байна. Өнгөрсөн хоногт хангайн уулархаг нутгаар буюу
Хамгийн их нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 26 мм, Шаргалжуутад 19 мм, Өвөрхангай аймгийн Нарийнтээлд 12 мм бороо орсон байна. Бороо тухайн бүс нутагтаа харьцангуй сайхан чийгээ өгсөн. Ургамлын ургалтад сайтар нөлөөлөхөөр бороо орж байгаа.
Энэ нөхцөл байдал өнөөдөртөө үргэлжлээд Хангайн нуруунаас уруудаж, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр гараад явна" гэлээ.
Энэ бүхнээс харахад гол төлөв хангайн уулархаг нутаг дурдагдаж байна. Тэгэхээр нутгийн баруун хагастаа хур тунадас ахиу орно гэсэн үг.
Орж байгаа тунадас маань хангайн нуруундаа ирэнгүүтээ урагш говь руу чиглэж байгаа процесс сүүлийн хэдэн өдөр үргэлжлэх нөхцөл ажиглагдаж байгаа.
Харин нутгийн зүүн хагас хуурай хэвээр байна. Ялангуяа түймэртэй байгаа Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүс нутгууд хуурай хэвээр 8, 9-нийг хүртэл үргэлжлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал анхааруулж хэллээ.
Мөн "Агаарын температур 3-нд буюу маргааш ихэнх нутгаар өмнөх өдрүүдээс дулаарч буцаад харьцангуй сэрүүснэ.
Түймэртэй газруудаар бороо, нойтон цас ойрын өдрүүдэд орохгүй.
Ийм төлөв ажиглагдаж байгаа учраас үүл байхгүй газарт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах боломжгүй. Хоосон цэлмэг тэнгэрээс хур тунадас оруулах техник, технологийн ямар ч боломж байдаггүйг ойлгоорой" гэдгийг нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!