Думын дэд дарга болон Оросын хууль тогтоогчдод Казахстан улс хилийн хориг тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Казахстаны эрх баригчид саяхан Оросын төрийн думын дэд дарга болон дөрвөн хууль тогтоогчийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргасан талаар Германы Дойче Веллэ агентлаг тус улсын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Эдгээр хүмүүс нь Казахстан улс болон түүний засгийн газрын эсрэг дайсагнасан, доромжилсон мэдэгдлүүдийг олон нийтэд түгээсэн тул ийм арга хэмжээ авсан юм байна.

Хар жагсаалтад Төрийн Думын дэд дарга Петр Толстой, олон улсын харилцааны байнгын хорооны нэгдүгээр орлогч Вячеслав Никонов, Нэгдсэн Оросын намын гишүүн Евгений Федоров, Константин Затулин нар багтжээ. Бас думын гишүүн асан, Россотрудничество байгууллагын тэргүүн Евгений Примаковт хориг тавьсан юм байна.

Толстой өмнө нь ярихдаа Украины дараа Оросын “дараагийн асуудал” Казахстан байж магадгүйг хэлж байжээ.

Тэр бас Алматыг “оросуудын босгосон Верный хот” хэмээн нэрлэж, Казахстаныг Оросоос холдохын тулд “өөрийн түүхээ зохиохыг оролдож байна” хэмээн буруутгаж байв.

Никоновын хувьд төв телевизээр ярихдаа “Казахстан улс гэж байгаагүй”, тус улсын одоогийн нутаг дэвсгэрийг “Орос, Зөвлөлтийн өгсөн бэлэг” гэж тодорхойлж байжээ.

Никоновын ярьсныг Федоров дэмжихдээ Орос улс Казахстанаас “нутаг дэвсгэрээ нэхэх эрхтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Федоров олон улсын хууль, эрх зүйн дагуу Казахстан улс одоо болтол Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гараагүй байгааг анхааруулж байжээ.

Константин Затулиний хувьд 2022 онд Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын байр суурийг шүүмжилж, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдол Украинд тохиолдсон шиг зүйл Казахстанд тохиолдож болзошгүйг анхааруулж байжээ.

Примаков нь “орос хэлийг эсэргүүцэгч, үндсэрхэг үзэлтнүүдийнхээ эсрэг юу ч хийхгүй байгаа” Казахстаны эрх баригчдыг шүүмжилж байсан юм.

Дараа нь тэр Казахстаны мэдээллийн сайд Аскар Умаровыг “оросын эсрэг үзэлтэн” хэмээн цоллож, түүнтэй хамтран ажиллахаас эрс татгалзаж байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Казахстаны хар жагсаалтад бас суртал нэвтрүүлэгч Тина Канделаки, Тигран Кеосаян, улс төр судлаач Никита Мендкович, “Оросын ертөнц” үзэл санааг сурталчлагч Александр Дугин, түүхч Андрей Грозин зэрэг хүмүүс багтаж байгаа гэнэ.

Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн хүрээлэнгийн Казахстан, Төв Азийн тэнхимийн эрхлэгч Грозинийг зарим арга хэмжээнд оролцохоор дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Астанагийн олон улсын нисэх буудалд ирэхэд нь хилээр нэвтрүүлэлгүй буцааж байжээ.

 

Эх сурвалж: Deutsche Welle