Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалдаг олон улсын төрийн бус байгууллага болох Reporters Without Borders (RSF)-аас 2025 онд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 180 орноос 102-р байрт жагсжээ. 2024 онд 109-р байрт жагсаж байв.
Гэсэн ч энэ ахиц нь зөвхөн Монголын дотоод нөхцөл байдал сайжирснаас бус өмнө нь манай улсын урд байсан зарим орны индексийн бууралтаас шалтгаалсан байж болзошгүй юм.
Тухайлбал 2024 онд манай улсын урд жагсаж байсан дараах орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индекс энэ жил буурсан байна.
- Гүрж: 2024 онд 103-р байранд байсан ч 2025 онд 26 байр доошилж, 129-р байранд орсон.
- Серби: 2024 онд 98-р байранд байсан ч 2025 онд 7 байр доошилж, 105-р байранд орсон.
Мөн энэ жил хэвлэлийн эрх чөлөөний индекс нь өмнөх жилийнхээсээ буурсан олон орон байгаагаас дараах гурван орны жишээг дурьдахад:
АНУ: 2025 онд АНУ-ын хэвлэлийн эрх чөлөөний байдал түүхэн доод түвшинд хүрч, дэлхийн хэмжээнд 57-р байрт жагссан. Энэ бууралтын шалтгаан нь Дональд Трампын засаг захиргааны үед хэвлэл мэдээллийн эсрэг явуулсан бодлого, бие даасан хэвлэл мэдээллийн санхүүжилтийг бууруулсан зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
Аргентин: Ерөнхийлөгч Хавиер Милейгийн үед сэтгүүлчдийг гутаан доромжилж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан буулгасан нь тус улсын индексийг 21 байр унагахад хүргэсэн.
Өмнөд Солонгос: 2024 онд Өмнөд Солонгосын хэвлэлийн эрх чөлөөний индекс 47-р байраас 62-р байр хүртэл буурсан. Энэ нь засгийн газрын шүүмжлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн аргаар дарамтлах, шүүмжлэлтэй мэдээлэлд хатуу арга хэмжээ авах зэрэгтэй холбоотой гэж тайланд дурдсан байна.
Манай улсын хэвлэл мэдээллийн аюулгүй байдлын индекс 7 байраар ухарчээ
Уг индексийг улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм, соёлын орчин, аюулгүй байдал гэсэн таван үзүүлэлтээр үнэлж гаргадаг юм.
Үргэлжлүүлэн тус таван үзүүлэлтийг дараах байдлаар дүгнэжээ.
Улс төрийн нөхцөл байдал
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил төвлөрсөн, ил тод бус байдаг. Хувийн болон төрийн эзэмшилтэй мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх нь засгийн газар эсвэл улс төрийн намын талд илт байна. Улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд, төрийн байгууллагууд, мэдээллийн хэрэгслийн эзэд, хууль сахиулах байгууллагуудаас ирэх дарамт нь хэвлэл мэдээлэл бие даан ажиллах боломжийг хязгаарладаг.
Хууль эрх зүйн орчин
Монголд гарч буй гүтгэлгийн хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамааралтай. Их хэмжээний торгууль оноодог тул сэтгүүлчид өөрийгөө цензурдэж, бие даасан, мөрдөн шалгасан сэтгүүл зүйн хөгжил саардаг. Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр сэтгүүлчдийг буруутгасан олон хэрэг нь улс төрч, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, төрийн байгууллагын гаргасан гомдолд үндэслэсэн байдаг.
Эдийн засгийн нөхцөл байдал
2023 оны байдлаар Монгол Улс ойролцоогоор 3.5 сая хүн амтай ба 434 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэгдсэн. Эдгээрийн дийлэнх нь хувийн эзэмшилтэй. Гэвч мэдээллийн хэрэгслийн эзэд зөвхөн ашиг олох зорилготой бус, улс төрийн байр сууриа сурталчлах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахад зориулан мэдээллийн хэрэгслээ ашигладаг. Сэтгүүлчдийн цалин бага, ажлын ачаалал их учир зарим тохиолдолд тодорхой агуулга бүхий нийтлэл бичүүлэхээр хөлс авахыг зөвшөөрдөг нь олон нийтийн итгэлийг алдагдуулдаг.
Нийгэм, соёлын орчин
Монголчуудын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл сул, ялангуяа улс төрийн үйл явдлыг мэдээлж буй байдалд эргэлздэг. RSF байгууллагын 2016 оны судалгаагаар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь хамгийн өндөр итгэлтэй мэдээллийн хэрэгсэлд тооцогддог (44%) бол өдөр тутмын сонин (10%), цахим мэдээллийн хэрэгсэл (5%) нь бага түвшний итгэл хүлээдэг байна.
Аюулгүй байдал
Олон сэтгүүлчид хууль эрх зүйн дарамт шахалт, заналхийлэл, доромжлол зэрэгтэй тулгардаг. Зарим тохиолдолд хүчирхийллийн хэрэг ч бүртгэгдсэн байдаг.
Ерөнхий дүгнэлт:
1990-ээд оны эхэн үеэс хойш либерал ардчиллыг хэрэгжүүлж буй Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургалч үзлийн зарчмыг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч мэдээллийн эх сурвалжийн нууцыг хамгаалах үндсэн хууль эрх зүйн баталгаа одоогоор алга байна. Түүнчлэн хууль нь алдаа дутагдалтай бөгөөд сэтгүүлчдийг дур мэдэн шүүхэд өгөх нөхцөлийг бүрдүүлж, өөрийгөө цензурдэх үзэгдлийг өдөөдөг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!