Туулын хурдны замын трасс дагуу Авто худалдааны цогцолборын баруун талд "Хайрхан" нэгдсэн захыг барьж байгаа юм байна. Уг зах дээр хотын дарга очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
"Хайрхан" захын дэд бүтэц, барилгын талаар улсын заан Ц.Магалжав "Нэгдсэн зах нь хүнс, барилгын материал, авто сэлбэг, гутал, хувцас, тавилга, цахилгаан бараа, малын эмийн сан, хөдөө аж ахуйн буюу малчдын хэрэгцээний бүтээгдэхүүн зэргийг худалдаалахад зориулсан бетон хийцлэлтэй 180 павильонтой, том оврын автомашины 210, суудлын автомашины 3,800 зогсоол, үйлчилгээний цэгүүдтэй, ус, цахилгаан зэрэг дэд бүтцийн шийдэлтэй байх юм. Одоогоор 60 гаруй павильоныг барьсан.
Захын орчимд 1-3 өрөөний сонголттой, 392 айлын орон сууцыг Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хоёр компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж өгөхөө мэдэгдээд байна" гэж танилцуулав.
Хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны зам нь "Хайрхан" худалдааны төвийн урд талаар тавигдах учир нийслэлийн зүгээс орц, гарцыг гаргаж өгье. Ингэснээр тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд хотын зүүн хэсэг рүү 15 минут явж очих бол Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай руу салдаг зам руу шууд хүрнэ.
"Нарантуул" худалдааны төвд 2,500 орчим иргэн худалдаа эрхэлж байгаа. Эдгээр худалдаа эрхлэгчид хувийн компани өөрийн хөрөнгөөр барьж байгаа "Хайрхан" захад нүүж ирвэл үл хөдлөх гэрчилгээтэй павильонуудыг санал болгох юм байна. Худалдаа эрхлэгчид хотоос тус захад нүүж ирвэл Нарны замын ачааллыг 20 хувиар бууруулна гэдгийг бидэнд хэллээ.
"Хайрхан" нэгдсэн захын авто замыг тендерээс хэмнэсэн зардлаар тавьж өгөх, Туулын хурдны замд орц, гарц гаргахыг НЗХГ-т үүрэг чиглэл болгож байна.
Улаанбаатар хотын худалдаа эрхлэгчдийг түгжрэлгүй, өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй зах руу нүүвэл нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ.
Авто худалдааны цогцолбор орчимд Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэг. Лаг боловсруулах үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг хийж дуусгасан, удахгүй тендер зарлана. Энэхүү үйлдвэрийг барьчихвал өмхий үнэртэхгүй.
Шинээр барьж байгаа ус цэвэршүүлэх үйлдвэрээс усаа татах зэргээр дэд бүтцэд бүрэн холбогдох боломжтой" гэв.
Захуудыг хотоос гаргах тухайд "Улаанбаатар хотод Да хүрээ, Нарантуул, Өгөөмөр, Дүнжингарав, Дэнжийн мянгын махны зах, 100 айлын барилгын материалын болон Хархорин зах орчмын авто замын түгжрэл хамгийн их байдаг. Замын түгжрэлийг сааруулахын тулд зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж дараах саналуудыг тавина" гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд хурдны замын төгсгөлд гаргана" хэмээн өмнө нь хэлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
76 СЭТГЭГДЭЛТЭЙ
|