С.Батсайхан: Борооны ус зайлуулах шугамаас лагийг өдөр гаргаж, шөнө ачиж, тээвэрлэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Борооны ус зайлуулах шугамаас гарсан хогийг замын бродюр дагуу овоолж орхижээ. Уг асуудалд албаны хүн тайлбар өгөв.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан "Улаанбаатар хотын зам, талбайн борооны ус зайлуулах шугам хоолойн лагийг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Борооны ус зайлуулах шугам хоолойгоос гаргасан лагийг өдрийн цагаар том оврын тээврийн хэрэгсэлд ачих үед хажуугаар өнгөрч буй автомашин дээр унах аюултай тул шөнө нь ачиж байгаа юм. Үүнээс гадна лагийг ачих том машин зам дээр зогсоход түгжрэл үүсдэг.

Энэ байдлыг иргэд ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээг тогтмол хийхгүй бол суваг, шугам хоолойгоор ус чөлөөтэй урсах боломжгүй болж, зам, талбайд ус тогтох эрсдэлтэй юм" гэж тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар 

  • Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны болон Нэгдүгээр хорооллын арын далан
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын суваг
  • Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын замын борооны ус зайлуулах шугам
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн далан болон Морингийн давааны үерийн далан
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо Чингэлтэйн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам
  • Дунд голын лагийг цэвэрлэжээ.