Ерөнхийлөгч Трампын төрсөн өдөр АНУ-д цэргийн парад зохион байгуулагдана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан цэргийн парадыг зургаадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болсныг Цагаан ордон өчигдөр зарлажээ.

Энэ өдөр нь ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдөртэй давхцаж байгаа юм байна.

“Энэ өдөр ерөнхийлөгч Трамп манай ахмад дайчид, цэргийн алба хаагчид, зэвсэгт хүчний түүхэн замналд хүндэтгэл үзүүлэх болно” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Кэлли мэдээлжээ.

Түүний өгсөн мэдээллээр бол баярын жагсаалд АНУ-ын цэргийн алба хаагчид, цэргийн академийн сонсогчид, Америкийн хувьсгалаас эхлээд терроризмын эсрэг дайнуудын түүхийг харуулсан зэвсэг техник оролцох гэнэ.

Жагсаал нийслэл Вашингтон хотод Пентагоноос Цагаан ордон хүртэл 6 км зайд үргэлжлэх ажээ.

Трамп эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Франц улсад Бастилийн ойн баярын парадыг үзэж ирснийхээ дараа АНУ-д ижил арга хэмжээ зохион байгуулах санааг анх гаргаж байв.

зураг
 

Гэвч $92 саяын өртөгтэй болох тооцоог Пентагон гаргаж, байлдааны хүнд машин техникүүд Вашингтон хотын зам талбайг эвдэх эрсдэлтэй гэж үзсэн тул Трампын санаа хэрэгжиж чадаагүй юм.

Вашингтон хотын захирагч Муриэл Баузер мөн адил энэ удаад санаа зовж байгаагаа өнгөрсөн сард хэвлэлд ярьж байжээ.

“Манай гудамжнуудыг танкууд сүйтгэнэ. Хэрвээ ингэвэл дараа нь зам засварлах олон саяын зардлыг гаргах ёстой” гэж тэр хэлсэн юм.

АНУ хамгийн сүүлд 1991 онд Персийн булангийн дайн дууссаныг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулж байжээ.

Ерөнхийлөгч Трампын хувьд АНУ-ын батлан хамгаалах салбартай таагүй харилцаатай байдаг ч Америкийн зэвсэгт хүчний сүр хүчийг дэлхий дахинд сурталчлах ёстой гэж үздэг.

Тэр 2016-2020 онд ерөнхийлөгчөөр ажиллахдаа хэд хэдэн удаа зэвсэгт хүчинтэйгээ зөрчилдөж байсан бөгөөд нэг удаа бүр дайнд амь үрэгдсэн цэргүүдийг “ялагдагчид”, “азгүйчүүд” хэмээн доромжилж байв. Сүүлд тэр ингэж хэлснээ үгүйсгэж байжээ.

Энэ удаад ч Трамп тангараг өргөснийхөө дараахан Пентагоны топ генералуудыг ажлаас нь халсан юм. Тухайлбал зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Чарльз Брауныг хоёрдугаар сард ямар ч тайлбаргүйгээр халж байжээ.

Үүнийг нь Пентагоны тэргүүн Пит Хэгсэт ерөнхийлөгч зүгээр л өөрийн хүмүүсийг томилж байна гэж тайлбарласан ч Ардчилсан Намын хууль тогтоогчид АНУ-ын армийн улс төрөөс ангид, төвийг сахисан уламжлалт статусыг эвдэх эрсдэлтэйг анхааруулж байв.

 

Эх сурвалж: AFP