94 настай Уоррен Баффет гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буух болсныг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Уоррен Баффет болон түүний залгамжлагч Грэг Абел

Энэ оны сүүлээр Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буухаар төлөвлөж буйгаа нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет өчигдөр зарлажээ.

“Омахагийн зөнч” хочоороо алдаршсан 94 настай тэрбээр компанийнхаа жил тутмын хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр дэд захирал Грэг Абел өөрийг нь залгамжлахыг мэдээлсэн байна.

“Жилийн эцэст Грэг компанийн гүйцэтгэх захирал болох цаг ирсэн гэж би бодож байна” гэж Баффет хэлжээ.

Дампуурсан нэхмэл эдлэлийн үйлдвэрлэгч Berkshire Hathaway компанийг $1.16 их наядын үнэлгээтэй аварга байгууллага болгосон Баффетыг манай гарагийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэж үздэг.

Түүнийг шийдвэрээ зарлахад нь хуралд оролцсон 40,000 орчим хөрөнгө оруулагч босож зогсоод нижигнэтэл алга ташсан юм.

“Ийм хариу үйлдлийн цаад зорилгыг хоёр янзаар тайлбарлаж болох юм” гэж Баффет энэ үеэр хошигножээ.

Өчигдөр зарлахаас нь өмнө энэ шийдвэрийг түүний хоёр хүүхэд Ховард, Сюзи нар л зөвхөн мэдэж байсан гэнэ.

Үнэхээр хурлын индэр дээр Баффеттай зэрэгцэн сууж байсан Абелд энэ шийдвэр гэнэтийн байсан нь илт харагдаж байлаа.

Ноён Баффет дөрвөн жилийн өмнө түүнийг залгамжлагчаараа сонгосон ч хэзээ тэтгэвэрт гарахаа мэдэгдээгүй байсан юм.

Berkshire Hathaway одоо даатгалын Geico, батарей үйлдвэрлэгч Duracell, рестораны сүлжээ Dairy Queen зэрэг 60 гаруй компанийг эзэмшдэг.

Бас Apple, Coca Cola, Bank of America, American Express зэрэг олон компанид томоохон хувь эзэмшдэг юм.

Буяны үйлсэд олон тэрбумыг хандивладаг ч Баффет нийт $154 тэрбумын хөрөнгөөрөө Блүүмбэргийн дэлхийн баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа.

Тэрбээр зургаан настайдаа анх удаа мөнгө олж, 11 настайдаа анхны хувьцаагаа авч, 13 настайдаа анх удаа татвар төлж байжээ.

Хэдийгээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг боловч Баффет сүүлийн 65 жилийн турш АНУ-ын Омаха мужид оршдог энгийн амины орон сууцанд амьдарч байгаа.

Өчигдөр тэр шийдвэрээ зарлахаас өмнө ерөнхийлөгч Трампын худалдааны дайныг буруушаасан юм.

“7.5 тэрбум хүн бидэнд дургүй болж, манай 300 сая хүний амьдрал бүрхэг болсон нь миний бодлоор маш том алдаа юм. Бид дэлхийн бусдад бүх улстай худалдаа хийхийг хичээх ёстой. Бид өөрсдийн хамгийн сайн хийдэг зүйлээ, тэд бас хамгийн сайн хийдэг зүйлээ хийх ёстой” гэж Баффет хэлжээ.

 

Эх сурвалж: BBC