Уншиж байна ...

Ш.Энхийн-Од багаа солих хүсэлт гаргажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Коллежийн Сагсан Бөмбөгийн улирал дуусаж, оюутан залуучууд ирээдүйгээ шийдэж байна. Тэдний нэг нь өнгөрсөн улирлыг "Юта Ютес" багт өнгөрүүлсэн Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од юм.

ESPN-ий сэтгүүлч Жефф Борзелло өнгөрсөн Мягмар гарагт мэдээлснээр Майк их сургуулиа солихоор шийдэж, солилцооны порталд нэрээ өгчээ.

205 см өндөртэй, холбогчийн байрлалд тоглодог Майк өнгөрсөн улиралд 29 тоглолтод оролцохдоо дунджаар 7.2 оноо, 3.4 самбараас бөмбөг авч, 2.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байв.

Тэрбээр их сургуулиа төгсөхөд нэг жил үлдээд байгаа юм.

Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа Дэйтонд эхлүүлсэн ч эхний улирлынхаа дараа Сан Франциско руу шилжсэн билээ. Харин өнгөрсөн жил Солт Лэйк Ситигийн их сургуульд очих шийдвэр гаргасан.

Солилцооны цонх хаагдах хүртэл хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ үед Юта багийн гарааны таван тоглогчийн дөрөв нь их сургуулиа солих хүсэлтээ гаргажээ.

Тодруулбал тус багийн Эзра Аусер, Лаусон Лоуринг болон Жэйк Уалин нар өнгөрсөн сарын 24-нд буюу солилцооны цонх нээгдсэн эхний өдөр хүсэлтээ гаргасан юм.

 

Эх сурвалж: Yahoo sports