Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Ли Шау Ки 97 насандаа таалал төгссөнийг түүний үүсгэн байгуулсан Henderson Land Development компани өчигдөр зарлажээ.
Тэрбээр энэ компанийн ерөнхийлөгчөөр 40 гаруй жил ажилласан хүн юм.
Компанийн мэдэгдэлд Ли Шау Ки “гэр бүлийнхнийхээ гар дээр амьсгал хураасан” гэж бичсэн ч үхлийн шалтгааныг дурдаагүй байна.
Ли бол Хонконгийн тэргүүн баячуудын нэг бөгөөд өнгөрсөн сарын байдлаар Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $30 тэрбум орчим гэж мэдээлж байжээ.
Хятадын өмнөд бүсийн Гуандун мужийн уугуул Ли бага залуу насандаа Хонконгт суурьшиж, алт болон валютын арилжаагаар бизнесээ эхлүүлж байсан гэдэг.
Сүүлд тэр үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах болжээ.
1958 онд тэр өөр хоёр хүний хамт Хонконгийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компаниудын нэг Sun Hung Kai Properties (SHKP) компанийг үүсгэн байгуулсан юм.
Ах дүү нар дотроо дөрөв дэх хүүхэд байсан тул “Дөрөвдүгээр Ах” хочтой болсон Ли 1976 онд өөрийн Henderson Land Development компанийг үүсгэн байгуулж, 2019 онд тэтгэвэртээ гарах хүртэл ажиллаж байжээ.
Одоо тус компанийг Лигийн хоёр хүү удирддаг.
Ли Шау Ки 1996 онд Ази тивийн хамгийн баян хүнээр тодорч, дэлхийн баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байв.
Тэр бас сайн үйлсийн эзэн байсан бөгөөд боловсрол, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байжээ.
Нийгэмд оруулсан хувь нэмрээ 2007 онд үнэлүүлж, Хонконгийн дээд шагнал “Grand Bauhinia Medal” медалийг хүртэж байв.
“Доктор Ли бол Хонконгийн эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан шилдэг бизнесийн удирдагч байсан юм” гэж Хонконгийн захирагч Жон Ли эмгэнэлийн мэдэгдэлдээ бичжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!