Уншиж байна ...

Франц бүтээгдэхүүний амтыг Монголдоо мэдрэх боломжийг олгосон "Taste France" арга хэмжээ боллоо

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 37 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Францын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Францын бизнесийг дэмжих "Business France" байгууллага хамтран "Taste France" арга хэмжээг Монголд анх удаа өчигдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус эвентэд Францын дарс, талх, нарийн боов үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, бүтээгдэхүүнийхээ дээжийг Монголын хэрэглэгчдэд танилцуулсан юм. 

Монгол, Франц хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр, ач холбогдол бүхий уг арга хэмжээнд оролцсон дарс, вино үйлдвэрлэгчид: 

  • Bourgogne-PRESTIGE DES GRANDS VINS DE FRANCE
  • Bourgogne/Languedoc DELAUNAY VINS & DOMAINES
  • Rhône-Valley MARRENON
  • Languedoc-GUIBERT FAMILY
  • Languedoc-LES VINS DE ROQUEBRUN
  • Languedoc-LGI
  • Languedoc-LES DOMAINES AURIOL
  • Languedoc-WINES OVERLAND
  • Multi-region-LES GRANDS CHÂTEAUX
  • Bordeaux-DUBOS
  • Bordeaux-THE WINE MERCHANT
  • Spirits-A. DE FUSSIGNY COGNAC
  • Spirits-CHÂTEAU DES PLASSONS - RASTIGNAC
  • Spirits-FAMILLE CABANNE - COGNAC & SPIRITUEUX
  • Importer-WORLDWINE

Хоол хүнс, талх, нарийн боов үйлдвэрлэгч компаниуд

  • BRIDOR S.A.S.
  • LESAFFRE

Францын бизнесийг дэмжих Business France байгууллага "Taste France" эвентийг жил бүр 60 гаруй улсад зохион байгуулдаг онцлогтой. 

Харин энэ удаа манай улсад болж буй эвент нь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх талаар ярилцаж, харилцан тохиролцсоны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэгээхэн хэсэг юм.

"Taste France" арга хэмжээг зохион байгуулагч болон оролцогч төлөөллүүдийн байр суурийг тодруулснаа хүргэе. 



Монголд анх удаа зохион байгуулж буй "Taste France" арга хэмжээнд Францын 14 компанийн төлөөлөл иржээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Business France" байгууллагын Хонконг дахь салбарын төлөөлөгч Bertrand Quevremont хэлэхдээ "Францын үйлдвэрлэгч компаниудын хувьд Монголд арилжааны ямар боломж байгааг өөрсдөө биечлэн ирж, бодитоор харах нь маш чухал. 

Нэн ялангуяа хоол хүнсний салбарт томоохон боломж байгааг харуулахыг зорьсон. Монгол Улсад өнөөдөр ресторан, зочид буудал, кофе шоп, талх нарийн боов, бэйкери болон супермаркетуудын хөгжил эрчимжиж байна. 

Энэ чиглэлд Францын үйлдвэрлэгчид сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломж бий. Тиймээс ч Монголд анх удаа зохион байгуулж буй "Taste France" арга хэмжээнд Францын 14 компани төлөөлөн ирсэн. 

Эдгээр компанийн төлөөлөл маань 10 өөр мужийн дарс, виног танилцуулж байгаа. Бидний зүгээс олон төрлийн чанартай бүтээгдэхүүнийг Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад танилцуулахыг зорьсон. Улмаар Франц бүтээгдэхүүний хэрэглэгч болж, үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүстэйгээ уулзаж, цаашдын боломжийг ярилцах, амтлах нөхцөлийн бүрдүүлэх зорилготой арга хэмжээ юм.

Үүний зэрэгцээ талх, нарийн боов, хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёр компанийг танилцуулж байна. Монголчууд талх, нарийн боовыг маш их таашаадаг ард түмэн гэж ойлгож байгаа" хэмээв. 

"Мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлд хамтарч ажиллах өргөн боломж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь Францын Элчин сайдын яамны Хөдөө аж ахуйн атташе Augustin Ledez "Франц, Монгол хоёр орны хамтын ажиллагааг илтгэх хүнс, хөдөө аж ахуйн салбарын эвентүүд зохион байгуулагдсаар байна. 

Энэ удаагийн арга хэмжээнээс гадна өнгөрсөн оны аравдугаар сард 10 гаруй компани Монголд ирж, бүтээгдэхүүнээ танилцуулсан. 

Хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгаа гэж харж байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд дан ганц худалдаа төдийгүй техникийн шатны хамтын ажиллагаа тохиромжтой болов уу. 

Эдгээрийг бодит болгохын тулд боломж, цаг хугацаагаа ашиглах ёстой гэж харж байна. 

Тухайлбал хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлд хамтарч ажиллах өргөн боломж байгаа. Үр үрсэлгээ, бяслаг үйлдвэрлэлтэй холбоотой арилжаа болон техникийн шатны хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бий" хэмээн хэллээ. 

"Монгол, Франц хоёр улсын хоорондын харилцааг дэмжих олон арга хэмжээ болж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол, Францын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Б.Золзаяа "Өмнө нь Монголд ирж байгаагүй Францын вино, хүнс үйлдвэрлэгч мэргэжлийн компаниуд, компаниудын төлөөлөл энэ удаагийн эвентэд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. 

Урьд нь манай улсын вино импортлогчид Франц, Итали руу өөрсдөө явж оролцдог байсан. Энэ жил Францууд маань ийнхүү манай улсыг зорин ирж, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь онцлог. 

Францын 14 компани, Монголын дарс, виноны зах зээлд тэргүүлэгч Ноён Уул ХХК дэмжиж, хамтран оролцож байна. Мөн хүнсний салбараас хоёр Франц компани оролцож байгаа. 

Монгол, Франц хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд үйлдвэрлэгчид зах зээлтэй танилцаж, тухайн зах зээлийн мэргэжилтнүүдтэй уулзах нь
чухал юм. Ингэж бизнес, хамтын ажиллагааг дэмжих хөшүүрэг нь энэ удаагийн арга хэмжээ болно гэж найдаж байна.

Энэ жил Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа. Тэр утгаараа хоёр улсын хоорондын харилцааг дэмжих олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь энэ арга хэмжээ юм.

Цаашдаа манай танхим "Business France" байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах эхлэл тавигдаж байна гэж харж байна" хэмээв.