Монгол цэргийн өдөр өнөөдөр (2025.03.18) тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан “Because I am a boy” агуулгын хүрээнд 1,000 хөвгүүний чуулганыг "Монголын сайн дурынхны төв" байгууллагаас санаачилж, анх удаа ийнхүү зохион байгууллаа.
Тус чуулганд оролцож буй хөвгүүдийн үзэл бодол, байр суурийг хүргэе.
11 дүгээр ангийн сурагч Б.Хүсэлбаяр: Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний ялгаа юу вэ гэхээр эмэгтэй хүн л өвддөг, уйлдаг. Гэтэл эрэгтэй хүн ингэж болохгүй юм шиг санагддаг.
Эмэгтэйчүүдийн оролцсон баяр их болох юм. Цэргийн баяр болоход манай үеийн зарим охид "Та нар цэрэгт яваагүй байж юугаараа баярладаг юм" гэлцдэг.
Угаасаа хүссэн хүсээгүй дайн боллоо л гэхэд бид нар буугаа үүрээд л явна шүү дээ. Тийм болохоор хөвгүүдийгээ хайрлаарай.
Миний хувьд сургуулиа төгсөөд оюутан цэрэгт зорин зорин явна. Би багаасаа урлагаар явсан болохоор бие хаа чааваас... Ер нь эр хүн болоод ирье гэж бодож байгаа.
Бүх эрэгтэйчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе. Та нар байхгүй байсан бол хүмүүс байхгүй шүү дээ.
9 дүгээр ангийн сурагч Б.Төгөлдөр: Зөвхөн охид л уйлж болдог. Харин хөвгүүд уйлж болдоггүй юм шиг ойлголт байдаг.
Охидод хандаж хэлэхэд хөвгүүдээ хайрлаарай.
Хөвгүүддээ хандаж хэлэхэд зоригтой, хүчтэй байгаарай, битгий шантраарай. Бүх эрэгтэй хүмүүст эр цэргийн баярын мэнд хүргэе.
1,000 хөвгүүний чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах илтгэлийг тавьж, хөвгүүдэд зөвлөгөө өгөв.
Бид өөрсдөө хүүхдүүдээ ялгаварлан гадуурхдаг. Охидоо илүү энхрийлж, хайрлаж, тэдэнтэй тоглож, хамтдаа ном уншдаг юм байна. Харин хөвгүүдтэйгээ бага тоглодог юм байна.
Буруу зүйл хийсэн тохиолдолд охидыг зүгээр л загнаад өнгөрдөг бол хөвгүүдийнхээ бие махбодыг шийтгэдэг. Энэ дунд буруу зүйл хийгээд зодуулсан, алгадуулсан, ташуурдуулсан хүүхэд байна уу? ...
Хөвгүүдэд багаас нь “Аливаа асуудал хүчээр шийдвэрлэгддэг” гэдэг ухамсрыг суулгаж өгч байгаа явдал.
Та нар өөрсдөө ээж, аав болохоороо хүүхдээ зодох уу? Үгүй шүү дээ. Тийм биз. Үүнийг л өөрийн амссан зовлонг бусдад амсуулахгүй гэж байгаа юм.
"Эр хүн байж тэвчээртэй бай", "Эр хүн байж уйлж болохгүй", "Эр хүн айл гэрийн ноён нуруу", "Чи л гэр бүлээ авч явах ёстой" хөвгүүддээ хэлдэг. Гэтэл энэ нь эргээд өөрөө ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн үндэс болж байдаг.
Аливаа асуудал үүсэхэд охид найздаа эсвэл ээж, аавдаа хэлчихдэг. Тун болохгүй бол лам, бөө дээр очоод ярьчихдаг.
Эрэгтэй хүн дотроо тэсэж, тэвчиж “Хэнд ч хэлж чадахгүй” явсаар эргээд сэтгэл гутралд орох, стрессээ архи, тамхиар орлуулж, буруу аргаар гаргадаг.
Бүр хүндрээд ирэхээр асуудлыг хүчээр шийдвэрлэх гээд байдаг. Үүнээс улбаалан гэр бүлийн хүчирхийллийн үндэс суурь тавигдах магадлалтай.
Нээлттэй зан чанартай, уйлбал уйлчихдаг, дуулбал дуулчихдаг, бүжиглэвэл бүжиглэчихдэг, алгаа ташвал алгаа ташчихдаг байгаарай.
"Охин найрах" гэж нэг асуудал байдаг шүү дээ, тийм үү. Эрэгтэйчүүд нь л бүхнийг даах ёстой юм шигээр бидний ухамсарт суучихсан байдаг.
Тэр хэрээр айл гэрийн ноён нуруу, айл гэрийг авч явах ёстой гол хүн нь ЗӨВХӨН ЭРЭГТЭЙ хүн шүү гэдэг ойлголтыг суулгадаг.
Гэтэл орчин цагт хэвшмэл ойлголт өөрчлөгдөж байгааг бусад улс орны хөгжлөөс харж болно. Одоо цагт ч гэсэн залуусаа та бүхэн минь БҮХНИЙГ ДААХ, эсвэл охин найрах үүрэг зөвхөн та нарт оногдохгүй. Хааяа ч гэсэн охидод найрагдаж байгаарай. Энэ бол ердөөсөө ичих асуудал биш шүү.
Амьдралын зовлон, жаргалыг яг адил эн тэнцүү үүрч явах ёстой юм аа.
Өөр дээрээ бүх ачааллыг бүү нэмээрэй. Амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!