Уншиж байна ...

Өнөөдөр Трамп, Путин нар “газар нутаг”, “цахилгаан станц” болон “өмч хөрөнгө хуваах” асуудлаар ярилцах гэнэ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих гэж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ингэхдээ тэд 30 хоногийн хугацаатай гал зогсоох төлөвлөгөөний хүрээнд тохиролцох гол асуудлуудыг хэлэлцэх бололтой.

“Украины нөхцөл байдал сайнгүй байна. Гэхдээ бид гал зогсоож, энх тайван тогтоох боломжийн талаар ярилцана. Бид ингэж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Трамп хэлжээ.

Тэрбээр Ням гарагийн орой хэвлэлд ярихдаа “Бид газар нутгийн асуудлаар, цахилгаан станцын асуудлаар ярилцана. Тодорхой өмч хөрөнгийг хуваах талаар бид ярилцаж байгаа” гэж хэлсэн юм.

Ингэхдээ Трамп илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Украины эзлэгдсэн газар нутаг болон Запорожийн атомын цахилгаан станцын асуудлыг ярилцах нь бараг тодорхой болжээ.

Европ тивийн хамгийн том цөмийн цахилгаан станц гэгддэг Запорожийн станц дайны эхэн үеэс тун эмзэг байдалд байгаа бөгөөд дайтагч талууд харилцан нэгнээ цөмийн осол гаргах эрсдэл үүсгэсэнд буруутгаж байв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Лэвитт өчигдөр болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр Трамп, Путин нар Украин-Оросын хил дээрх цахилгаан станцын талаар хэлэлцэх тухай мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков газар нутаг болон цахилгаан станцын асуудлыг хэлэлцэх тухай Трампын ярьсныг батлахаас татгалзсан байна.

Орос улс 2014 онд Крымийн хойгийг, 2022 онд Украины дорнод бүсийн дөрвөн мужийн ихэнх газар нутгийг эзлэн авсан юм.

Даваа гарагт Известия сонинд ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко ярихдаа тус улс Украиныг НАТО-д элсүүлэхгүй, төвийг сахигч статустай байлгах “төмөр хөшиг”-ийн баталгаа хүсэж байгааг мэдэгджээ.

Мөн эзлэгдсэн газар нутгийг Оросын хяналтад үлдээх, Украины армийн хүчийг хязгаарлах, Өрнөдийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх, Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах зэрэг нөхцөлүүдийг гал зогсоох гэрээнд тусгах санал гаргасан талаар тэр ярьсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ гал зогсоох яриа хэлэлцээг санаатай удаашруулж байгаа Путинийг шүүмжилжээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас гал зогсоох гэрээнд Оросын талаас нөхцөл тулгаж буй нь Москвагийн эрх баригчид үнэндээ “энх тайвныг хүсэхгүй байгаагийн илрэл” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters