Байр түрээслүүлэх зарын дагуу холбогдож, урьдчилгаа мөнгө шилжүүлснээр хохирох тохиолдол их гарч байна.
Иймээс сэрэмжлүүлэг болгон дараах хэргийн тухай хүргэе. Иргэн та байр түрээслэх гэж буй бол заавал биечлэн уулзаж, холбогдох бичиг баримтуудыг шалгаж баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө шилжүүлж, өөрийгөө хохирогч болохоос сэргийлээрэй.
Хялбар аргаар мөнгө олох зорилгоор шүүгдэгч Н /1990 онд төрсөн, дээд боловсролтой/, шүүгдэгч Х /1994 онд төрсөн бүрэн дунд боловсролтой/ нар нь бүлэглэн 58 удаагийн үйлдлээр орон сууц хөлслүүлнэ гэх зар тавьж хохирогч нарыг төөрөгдүүлэн 21,430,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлджээ.
Н, Х нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хамтран амьдардаг байсан.
Тэд зараа цахим орчинд тавьж бусдыг төөрөгдүүлэн, хууран мэхэлдэг байсан бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч нарын мэдүүлгээс дурдвал
Хохирогч 1: ...яаралтай хөдөө явах болчихлоо 5 шарын автобусны буудлын ТҮЦ-ээс ирээд байрны түлхүүрээ авчих, тэнд үлдээсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлчих гэсний дагуу 750,000 төгрөг өөрийнх нь данс руу шилжүүлсэн.
Хохирогч 2: ...урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд манай байранд ор, байрны түрээсийг сар бүр авна гэсний дагуу мөнгө шилжүүлсэн.
Хохирогч 3: ...одоо байраа үзүүлэх боломжгүй байна, орой үзүүлье. Зөндөө хүн утасдаад байгаа учраас урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлчхээрэй. Би одоо зараа устгалаа гэсэн.
Хохирогч 4: ... манай байр эрэлт хэрэгцээтэй байгаа, олон хүн холбогдож байна. Та түрээслүүлнэ гэвэл урьдчилгаа мөнгө төлчих. Би одоо хөдөө ажил явдалтай явж байна.
Хохирогч 5: ...11 дүгээр хороололд байр байгаа. Орой очоод уулзъя, эгч нь Налайхад байна. ...удалгүй машин эвдэрчихлээ, очиж чадахгүй болчихлоо эгчдээ 100,000 төгрөг шилжүүлчих” гэсний дагуу данс руу нь шилжүүлсэн. Тэгээд 30 минутын дараа дахиж яриад “мөнгө чинь орсонгүй, эсвэл зээл татчих шиг боллоо, эгчдээ дахиад 100,000 төгрөг шилжүүлээч” гэсэн. Хэлсэн мөнгийг нь шилжүүлээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан.
Хохирогч 6: Баянгол дүүрэг бичил хороололд байр түрээслэхээр болж тохиролцоход, уг ярьсан эмэгтэй хүн “манай аав өвчтэй байгаа болохоор урьдчилгаа 600,000 төгрөг өгчих” гэсэн түүнийх нь дагуу мөнгө шилжүүлсэн.
Хохирогч 7: ...би ээлжийн ажилтай байна, маргааш байраа үзүүлэх боломжтой, яг түрээслүүлнэ гэх юм бол барьцаа 300,000 төгрөг шилжүүлчих гэсэн.
Хохирогч 8: ...хүмүүс асуугаад байна, урьдчилгаа шилжүүлж байгаа хүн бас байна. ... чи яахав шилжүүлбэл нөгөө хүнээ больё” гэсэн тэгэхээр нь 400,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө орчихлоо, маргааш 12 цагт байран дээрээ уулзъя гэсэн. Түүнээс хойш одоог хүртэл утас нь холбогдохгүй байгаа гэх мэт хүмүүсийн гэнэн итгэмтгий занг ашиглан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х-д 6 жилийн хорих ял оногдуулсныг шүүгдэгч Н-д 6 жил, шүүгдэгч Х-д 5 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь “Залилах” гэмт хэрэгт хамаардаг бөгөөд 3 дахь хэсгийн 3.1 дэх нь “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн заалт юм.
Эх сурвалж: www.shuukh.mn
/ Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно/